--Бид хэзээнээс ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай вэ?
-Генетикийн шинжлэх ухаан 1900-гаад оноос хөгжиж эхэлсэн. Гэтэл Монголчууд найман зууны тэртээ үүнийг мэдэж байсан. Угийн бичиг хөтлөх бидний ард түмний үнэт өв. Бидний өвөг дээдэс олон зууны тэртээгээс цус ойртохоос сэргийлж есөн болон түүнээс дээш үеэ мэддэг байсан. Тэр ч утгаараа хүн төрөлхтөний түүхийг бичиж байсан гадны бичгийн мэргэд гайхширч "Монголчууд цөөхүүлээ өргөн уудам газар нутаг дээр амьдардаг мөртлөө ураг төрөл, ахан дүүсээ мэдэхгүй хүн гэж байхгүй юм" гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.
-Одоо бид яагаад угийн бичгээ мартахад хүрээд байгаа юм бол?
-Монголчуудыг хүн төрөлхтний түүхэнд яавал дахиад гаргачихгүй байх вэ эд нар ер нь гараад ирвэл юу ч хийж мэднэ гэж харийн гүрнүүд айдаг. Тийм болохоор чимээгүй өв соёлыг нь мартагнуулаад өөрийг нь өөрөөр нь устгуулах далд үйл ажиллагаа явагдсан юм бол уу гэж төсөөлдөг. Үүний улмаас 1925 онд Монгол хүн угийн бичгээ хөтлөхийг хориглосон нууц тогтоол гарсан байдаг. Нэгэн үе биднийг зэрлэг бүдүүлэг гэж жигшин зэвүүцдэг байсан бол одоо эргээд Монголчууд энх амгалангийн гүрэн байгуулахаар зүтгэж байжээ гэж түүхийг тэд ойлгож эхэлж байна.
-Аав ээжүүд үр хүүхдэдээ нутгийнхаа хүнтэй суу гэж захидаг болж. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Аав ээж нь үр хүүхдэдээ миний хүүхэд хань ижлээ сонгохдоо холын аймгаас сонгоорой. Битгий хараа барааныхаа газраас эхнэр аваарай. Тэгвэл нусаа гоожуулсан тэнэг маанаг, өөрийгөө авч явж чаддаггүй хүүхэд төрнө шүү гэж хэлж өгдөг байсан. Нэг талаас ойрхон бараа бараагаараа гэрлээд байж болдог юм байна гэсэн ойлголттой болжээ. Нөгөө талаас бидний өвөг дээдэс газар нутгаа дөрвөн том аймагт л хувааж байсан. Оторлож нүүхдээ залуус бие биетэйгээ танилцан сууж ирсэн. Малаа хүртэл цус ойртуулахгүй. Эцэг малуудыг хүртэл холоос сонгодог. Монгол улсад малын удмын санг хамгаалах тухай хууль гээд ярьж байна. Тэгтэл өөрсдөө цус ойртуулахгүй байх соёлоо мартагнаж дээ. Дөрвөн аймагт хуваагддаг байсныг одоо хорин нэгэн аймагт хуваачихсан. Жирэмсэн аймгууд бий болжээ гэж би шоглож хэлдэг юм. 21 аймаг 331 сум 1700 гаруй багтай болж олон задарсан.
-Цус ойртож байгаа шинж тэмдэг яаж илэрч байна вэ?
-Хүн ам өвчин эсэргүүцэх чадвар эрс буурсан. 1990 оноос өмнө сахарын өвчтэй хүн Монголд бараг байгаагүй. Хорт хавдартай хүн өдийн од шиг л байсан. Өнөөдөр хорт хавдар залуужаад бүр хоёр настай хоёр сартай хүүхэд хүртэл тусч байна. Энэ бол цус ойртож байгаагийнх. Цус ойртолт гэдэг Монголын хүн амын яг тэдэн хувь гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл. Нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад л байдаг шиг чимээгүйхэн хувьсаад л байдаг зүйл. Өнөөдөр цус ойртолт тодорхой хэмжээнд өртөөгүй аймаг сум гэж байхгүй болсон. Энэ бол зүгээр нэг яриад өнгөрдөг асуудал ч биш. Үндэсний бодлогоор шийдэгддэг зүйл. Дэлхийн түүхэнд цус ойртолтын ноцтой байдалд ороод байсан улс орон Япон. Үүнийг бодлогоор яваа яваандаа намдаасан. Цус ойртоогүй байсан ч ойртчихвий дээ гэсэн айдас болгоомжлолыг тархиндаа тээж байх ёстой. Төрийн хар хайрцагны бодлогын нэг энэ асуудалтай холбогдно. Уг удмынхаа намтар түүхээ бүгдийг нь бичээд дэвтэрлээд зураг хөргийг нь оруулаад үр хүүхдэдээ өвлүүлэх хэрэгтэй. Тэгээд л хүүхэд чинь хөтлөөд сурчихна. Аливаа ард түмний дунд цус ойртох үндсийг зайлуулсан байхад оюуны чадамж өндөр, эрүүл энх хүүхэд төрөх нь тодорхой.
-Манж гүрний мөхсөн шалтгаан цус ойртолттой холбоотой гэж зарим эрдэмтэд таамаглал дэвшүүлсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг. Эрчүүдээ дээдлээгүй үндэстэн сөхөрдөг. Манж гүрэн аварга том далай дээр тогтсон цайны хөөс лугаа байсан. Манжийн төр унасан олон шалтгааны нэг цус ойртолт байсан. Манж гүрнийг өнгө мөнгө, хүүхний гоёд умбуулсаар өөрийг нь өөрөөр нь устгуулсан. Монголчууд өөрөөрөө оршин тогтнож хөгжих замаа олох ёстой. Америкийн тийм юм гоё, Солонгосын энэ нь гоё гэж шуурах нь ихдээд байна. Өөрийгөө таньж судлаад өөрөөсөө ургаж хөгжих хэрэгтэй. Тэгэхгүй бол соёл иргэншил чинь алга болох гээд байна гэж би захидаг. Хүн гэдэг амьтан уламжлалт соёлоо гээвэл араатан болдог юм. Юуг ч барьж идэж чадна. Тийм учраас уламжлалт соёлоо сэргээж байж бүтэн Монгол хүн болно. Бид биеэ голох ёсгүй харин өвөг дээдсээ таниад хөгжих ёстой. Тэгж чадахгүй юм бол бид мөхнө.