Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа зургаан настнууд, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ШУТИС-ын хичээлийн шинэ жилийн нээлтэд үг хэлэв.
"Энэ жил 1420 гаруй цэцэрлэг, 800 орчим ЕБС, 96 их дээд сургуулийн суралцагчид хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байна. Энэ нь Монгол Улсын ний хүн амын гуравны нэг өөрөөр хэлбэл сая орчим суралцагчид мөн тэдний гэр бүлийн баярын өдөр байдаг. Хичээлийн шинэ жилийн зорилтыг "Багшийн хөгжлийн төлөө" гэх уриан дор тодорхойлсон. Боловсролын тогтолцооны шат шатны шинэчлэл багшаар дамждаг тул багшаа илүүтэйгээр хөгжүүлэх бодлоготой байна." гэв.
ШУТИС-ийн ректор Б.Очирбат: Монгол Улсын инженерийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг манай сургуульд 58 хөтөлбөр, 99 мэргэжлээр 4044 оюутан элслээ. Бид 2017-2018 оны хичээлийн жилд үр дүнд суурилсан арга зүйгээр сургалтын чанарыг сайжруулж Азийн топ их сургуулийн эгнээнд орж, дэлхийн жишигт хүрсэн инженер технологийн мэргэжилтэн бэлтгэдэг судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна" гэв.
Нээлтийн үеэр шинээр элсэн орж буй 10 оюутанд захирлын нэрэмжит шагнал олгон 30 кредит хичээл үнэ төлбөргүй сургахаар болсон. Ямар болзол ханган тэтгэлэг хүртсэн талаар оюутнуудаас тодруулахад амжилттай суралцан ЭЕШ-аа 780-800 оноо авсан оюутан байхад Математик-537 Физик- 684 оноо аван зөвхөн энэ оноогоороо тэтгэлгийн болзол хангалаа гэх оюутан ч байлаа. Энэ зэргийн оноотой ч захирлын нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болжээ. Ирэх хичээлийн жилийн урианы ёсоор багшийн хөгжлийг дэмжиж суралцагчдын боловсролд түлхүү анхаарахгүй бол цалин мөнгө ярьж суусаар энэ жилийнх шиг ЭЕШ нь "эмгэнэл" болох вий дээ.
Нээлтийн үйл ажиллагааг хааж АЙСЭК-Монгол олон улсын байгууллагын залуус бүжгийн үзүүлбэр үзүүлсэн ба олон улсын сайн дурын хөтөлбөрөөр дамжуулан залуусын манлайллыг хөгжүүлэхийг зорьж буй талаараа танилцууллаа.