Дэлхийн яруу найргийн өдрүүдээр олон орны зохиолчдын анхаарлыг татаж, эх хэл дээрээ орчуулах хүсэлт аваад байгаа С.Дулам илтгэл: "Тэнгэр газрыг холбосон монгол бөөгийн онгод хийгээд яруу найраг" -г бүрэн эхээр нь хүргэх болсондоо таатай байна. Бид цаашдаа олон орны зохиолчдын шүлэг уран бүтээлээс хүргэх болно.
Тэнгэр, газар, газар доорхи ертөнцийг холбосон бөөгийн онгод хэмээх оюун санааны эл хийсвэр үүтгэлийг хэрхэн бэлгэдэн дүрсэлдэг болон дуудаж тамладаг тухайд товч танилцуулъя. Чингэвэл, бидний ажигласнаар онгодын магтаал, дурдлага, дуудлага, тамлага, хэллэг, өчил, залбирал зэрэгт бөөгийн онгод ороход болон онгод хувилж үзэгдэх дүр, дүрс, хэлбэр нь сав, шимийн аль нэгэн юм үзэгдлээр төлөөлүүлэн бэлгэддэг байна. Чингэхдээ энэ нь гэрэл туяа, хад чулуу мэт савын үзэгдэл, амьтан, ургамал мэтийн шимийн биелэл байх нь нэн элбэг. Харин ямар үедээ савын үзэгдэл, ямар үедээ шимийн биелэл болдог нь сонин байх болно. Бидний олж нийтлүүлсэн “Хармайн хайрханы хэллэгт”
Сайн дур- мни хүрвэл
Сансарайн орнаас
Саранай гэрэл мэт
Тунгарчи буухайн чадалтайб /онши -мни/
Саар дура- мни хүрвэл
Гурбан насатай бууран хара
Тайлак тэмээн хувилгаа- мни
(Дулам 1992, 93)[1]
гэхчлэн өгүүлж байгаа нь сайн дураа хүрэхэд сарны гэрэл мэт тунгарч, саар дураа хүрэхэд гунан настай бууран тайлаг болдог гэсэн сонин санаа хадгалаастай байна. Бидний бодлоор бол эхний хэсэг нь бөөгийн онгодын нийтлэг, тэр тусмаа сайн үйлийг бүтээхүйн дүр төрх, сүүлчийнх нь уул онгодын өөрийнх нь уур хилэнгийн ч юмуу “зан араншингийн” өвөрмөц дүр хувилал нь болно.
Бидний нийтлүүлсэн “Онгодын магтаалд”:
Сайн зүгтээн заларсан
Саруул зүгтээн тунгарсан
Гэр нэвт гэрэлтэнгүүд
Туурга нэвт туяатангууд
Ханатай гэртээ ханаран заларсан
Хамаг барчидыг арилган төрсөн
Тоонотой гэртээ тодрон заларсан
Тотхар барчадыг арилган төрөгсөн
(Дулам 1992,151)
гэхчлэн ямагт гэрэл туяаны хувилал болон бууж ирдэг гэсэн утга илэрхийлж байдаг. “Хармайн хайрханы хэллэгт” гарч байсан “сансарын орноос сарны гэрэл мэт тунгарч буудаг”, дээрх магтаалд буй “гэр нэвт гэрэл, туурга нэвт туяа” тусгаж залардаг гэсэн хоёр дурдлага нь нэгэн ижил утгатай буйз аа.
Мөн “Онгодын магтаалд”:
Харанхайн оронд гэрэл болсон
Халтирхайн оронд шат болсон
Сайн бүхэнд даллага болсон
Саар бүгдэд хаалт болсон
Саргүйд гэгээн болсон
(Дулам 1992, 152)
хэмээн өгүүлдэг нь нар, саргүй үед түүний гэрэл, туяаг орлох чадалтай гэж хэлж байгаа хэрэг юм. Нэг сонирхолтой зүйл нь “Онгодын магтаал” бол бүх бөөгийн онгодод хамаатай учир гэрэл, туяаны хувилал болон залардагийг нь магтах боловч ямар нэгэн амьтны дүр, дүрст хувилдагийг нь үл дурдаж байгаа нь амьтны бэлгэдэл онгод тус бүрийн өвөрмөц хувилгаа хувисхаа нь болдогийг гэрчилж байна.
Агарын хайрхан Баглайн удган гучин гурван хурмастын оронд байдаг Гал хар тэнгэр, Оч хар тэнгэр хоёрыг шүтдэг хэмээн түүх домогт өгүүлж байгаа нь үнэндээ “Гал, “Оч” буюу гэрэл туяаны мөн чанартай тэнгэрийг шүтдэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ нь аянга цахилгааны тэнгэршүүлсэн дүр бөгөөд Агарын хайрхан хилэгнэхдээ аянга цахилгаан буулгах нь элбэг гэлцэнэ. Тийм ч учраас онгодын дуудлагад нь “цагираг цагаан онч дайралт минь, цахилгаан гал буулт минь” хэмээн ордог буй заа. Энэ мэтчилэн дархад бөө удганы тухай түүх домогт онгодын үйл хөдөлгөөнийг гал, гэрэл, туяагаар дүрслэх нь нэн түгээмэл болой. “Нисдэг долоон бөөгийн” нэгэнд ордог Мачир заарингийн охин Дулам удган эцгийгээ бөөлж байхад онгод нь орж тооноороо гарч нисээд бие цогцос нь тэнгэрт гэрэлтэй юм болоод тогтчихоод байсныг буулган авч шүтээд “Ховдын юм” /Ховдын онгод/ болгосон гэдэг билээ. Бас Дэлдэн Мэнд заарингийн тухай түүх домогт Хар Манзушрийн хувилгаан Дорги хиа өөрийг нь дийлэлгүй эхнэрийг нь жатгадаж алсан, Мэнд заарингийн цээж рүү хутгаар зангахад тэндээс нь улаан цэнхэр хоёр гал гэрэл гарч, өвгөний нүдийг бүрхэн ухаан алдуулсан хийгээд заарин хиа хоёрын аль алиныг нь амьд бүтэн үлдээсэн хэмээн өгүүлдэг. Сэтэрт шургаагийн түүх домогт дархадын Ерөөлт зааринг Жанжин гүний хошуунаас явуулсан оч шиг юм үдшийн бүрийгээр ирж тооноор нь орж онгодын хэцэнд нь дүрэлзэн авалцаад таалал болгосон хэмээн гарч байна. Бөөгийн биенд онгод орж ирэхдээ ямар нэгэн амьтны дүрсээр ирдэггүй харин гэрэл туяа шиг юм дайрдаг байсан гэж дархадын олонх бөө удган нар хэлж байжээ[2]. Гэвч энэ нь дархад бөө удган нарт онгодын орж ирэх дүрс хэлбэрийн тухай тодорхой ойлголт буй болоогүй байсныг харуулж байгаа хэрэг /мөн тэнд/ бус харин ч бөөгийн тамлага, дуудлагад өгүүлдэг ёсоор бөө удганы биед шингэхдээ ч “дээд тэнгэрээсээ заларч, дэвжид асраасаа тунгарч, сэрэдбайн зэмээсээ ялгарч, сансарын орноосоо бууж” ирэхдээ гэрэл туяаны хувилал болон орж ирдэг гэсэн үг. Дархад бөөгийн малгайн хоёр талд нар, сарны дүрс гаргасан байдаг нь ямар ч онгон сахиус нар, сарны туяагүй амьдарч чадахгүй гэсэн санааны үүднээс хийжээ (Бадамхатан 2002, 203-204)[3] Дархад бөөгийн ёсонд онгод нь гэрийн өрхөөр залран ирж хэнгэрэгт орон улмаар бөөгийн сугаар дамжин зүрхэнд орж, хүний хэлээр ярьж, хөлгөө унаж явдаг [мөн тэнд] хэмээн үздэг байна. Эл бүхүй байдлыг эмхлэн үзвэл бөө удгадын онгодоо дуудаж тамлах үес тэд тэнгэр, асарын орноосоо гэрэл туяаны хувилал болон ялгарч гэрийн өрхөөр орж хэнгэргийн задгай талаар тосон авангуут бөөгийн сугаар нэвтрэн зүрхэнд нь шунгадаг гэсэн үг. Чухам иймд бөө удгадын биед шингэн орох хий биет онгодын нийтлэг дүр дүрсийг гэрэл туяагаар бэлгэддэг хэмээн хэлж болох буйзаа. Энэ нь “Хармайн хайрханы хэллэгт” гарч байгаа шиг “Сансарын орноос сарны гэрэл мэт тунгарч буух чадалтай” гэсэн үг бөгөөд тэгэхдээ “сайн дур минь хүрвэл” хэмээн тодотгосныг мартаж үл болмуй. Өөрөөр хэлбэл, газар дэлхийн хүн зоны заллага, ёслолыг хүлээн соёрхож бууж очъё гэсэн таалал хүслэн төрөгдөх бөгөөс сар нарны гэрэлд хувилан ирдэг хэмээх санаа болно.
Энд бид мөнөөх “Монголын нууц товчооны” алдартай домгийг ишлэн харгуулж үзэх нь сонин байж болзошгүй. Монголчуудын хуланц эх Алан-гоо таван хөвгүүнээ сургаж суяж байхдаа “сөнит бүри чэгэн шира гү үн гэр-үн эрүгэ дотоха-йан гэгэгэр орожу кээли мину билижү гэгээн ину кээли түр мину шинггэгү бүлээ харурун наран сара-ийн кили-йэр шира нохан мэтү шичабалжужу гарху бүлээ” : “sцnit bűri ceűgen sira gű' űn ger-űn erűge dotoqa-yin gege' er oroju ke eli minu bilijű gege en inu ke'eli tűr minu singgegű bűle'e qarurun naran sara-yin kili-yer sira noqai metu sicabaljuju qarqu bűle'e” (Ligeti 1971, 26)[4] хэмээн өгүүлдэг нь хэдэн хэдэн чухал санааг хэлж өгч байна. Энэ нь эн түрүүнд цэгээн шар хүн буюу хүншүүлсэн гэрэл туяа “өрх тотгын гэгээр юм уу өрх тотгын зай чөлөөгөөр нэвтрэн орж ирдэг гэсэн нь бөөгийн онгод хэмээх оюун санааны үүтгэл “сарны гэрэл мэт тунгарч” гэрийн өрхөөр бууж ирдэг гэдэгтэй ижил дөт үзэл ойлголт болно. Чингэхдээ Алан-гоо эхийн хэвлийг илбэжу гэгээ нь хэвэлд нь шингэх ёс, бөөгийн онгод хэнгэрэг, сугаар дамжин зүрхэнд нь шингэх хоёр мөн л хүний эмзэг чухаг эрхтэнийг эзэмдэж буйгаараа төстэй зүйл юм. Харин Алан-гоо эхийн домогт “гарахдаа наран сарны хилээр” гардаг нь эл “цэгээн шар хүн” бол наран сарны гэрэл туяаны хувилал мөн гэдгийг ёгтлон хэлсэн бололтой. Энэ нь бөөгийн дуудлагад өгүүлсэн “сарны гэрэл мэт тунгарч буйтай” бас л авцалдаж байна гэж санамаар билээ. Ер нь хожмын түүх, уран зохиолын дурсгалуудад эл домгийг өгүүлэхдээ “шар цэгээн хүн” /Лу “Алтан товч”, “Шар тууж”/, “цагаан гэрэл.., алтан өнгөт тэнгэр” Дайюан улсын түүх”/ “огторгуйгаас солонгын гэрэл мэт нэгэн ирж” /Рашипунцаг “Болор эрих”/, “цагаан гэрэл туяалан.., алтан өнгөт тэнгэр болон” /Инжаннаши “Хөх судар”/, “наран саран биет”, “алтан хуягт тэнгэр” /Жамбадорж “Болор толь”/ гэхчлэн шууд утгаар нь авсан байдаг нь санаандгүй хэрэг биш болов уу? Хамгийн эцэст “шар нохой мэт шацбалзаж гарах бүлгээ” гэсэн нь тэрхүү “цэгээн шар хүн” өөр хэн ч бус, хиад боржигоны эртний сүлд онгон болсон Бөртэ Чино бололтой байдаг. Учир нь “шар нохой” хэмээх нь эртний сүлд онгон Бөртэ Чонын эерүүлэн хүндэлсэн нэр болно. Монголчууд чонын нэрийг “хангайн нохой”, “хээрийн нохой” гэхчлэн эерүүлэн дуудахаас гадна “Агарын хайрханы дуудлагад” “Таннын таван шар нохой тухиралга минь” [Дулам 1992, 63] хэмээн чоныг хэлж байдаг. Чухам ингэснээрээ Бодончар мунхаг тэргүүтэй Чингис хааны өвөг дээдэс нь Бөртэ Чонын удам угсаа болохыг Маалиг Баяудай зарцын ураг биш гэдгийг хардаж сэрдээд байгаа хоёр хөвгүүндээ болон хойч үеийнхэнд сэнхрүүлэх учир зорилготой. Дашрамд дурдахад Чингис хааны өвөг дээдэс хэдийвээр Бөртэ Чонын гэр угсаанд мэндэлсэн боловч үнэн хэрэгтээ Бодончар мунхаг бол Маалиг Баяудай зарцын ураг болж таарах гээд байгаа тул тэр “гайт учралыг” төөрүүлэхийн тулд эл ер бусын зөнч учир тохиолыг өгүүлэх хэрэгтэй болдог юм. Гэвч өдгөө хүртэл манай боржигин овогтны дунд хөдөө хээр явж байхад тэнгэр тасхийн дуугармагц “хиюуд аа, баяудаа”[5] хэмээн уулгалан хашгирах ёс байдгийг хуучин Боржигин Цэцэн вангийн харьяат өтгөс Төгсийн Логшири гуай бидэнд хуучилсан билээ. Энэ нь монголчууд тэр дундаа боржигин овогтнууд Бөрт Чонын угсаа болох хияад нарыг тэнгэр язгууртай хэмээн боддог төдийгүй, нөгөө Маалиг Баяудайн удам угсаа баяуд нарыг ч тэнгэр сурвалжтан хэмээн итгэдэг нь харагдаж байна. Энэ юу хэмээсэн үг буй гэвэл Чингис хааны өвөг дээдэс Бодончар мунхаг бол Хияад хэмээн нэрийдсэн баяуд хүн ч байж болзошгүй, иймд хияад ч ялгаагүй, баяуд ч ялгаагүй тэнгэр язгууртан болох учир хэрсүү ухаанаар аль алиныг нь нэрлэн дуудахад тэнгэр хэрхэвч ниргэхгүй гэсэн санаа бүлгээ.
Чингэхдээ энэ бүхэн бол тусгайлан шинжилж тогтоох учиртай асуудал учраас үүгээр цэглэн орхиж гол санаагаа хэлбэл анх бидний ишлэн авсан “Хармайн хайрханы хэллэгээс” сайн дураа хүрвэл сарны гэрэл мэт тунгарч, сар дураа хүрвэл гурван настай бууран хар тайлаг болдог учраа хэлсэн байдагтай Алан-гоогийн эл домог утга учир авцалдаж байна.
Учир юун гэвэл, Алангоогийн отгон гурван хөвгүүний эцэг нь гэрийн өрх тотгоор “цэгээн шар хүн” буюу хүн дүрстэй наран сарны гэрэл туяа болон орж ирээд гарахдаа шар нохой мэт гарсан нь бидний бодлоор Бөртэ Чино юм уу амьтан дүрт эртний өвөг дээдэс болж одсон байна. Тодруулбал, дархад бөөгийн есөн хайрханы нэг Хармайн хайрхан Хажи бөө хэмээх онгод сарны гэрэл болж буудаг, бууран тайлаг болж үзэгдэж мэдэгддэг хоёрдмол дүр дүрстэй байхад Бодончар мунхаг тэргүүтний тэнгэр эцэг нь мөн л “цэгээн шар хүн” буюу наран сарны гэрэл болж ирдэг, “шар нохой” буюу бидний бодлоор бол Бөртэ Чино болж гардаг хоёр зүйлийн дүр хувилалтай ажээ. Бас ирээдүйн Чингис хааны өвөг дээдсийг төрүүлэхийн тул бөөгийн дуудлагад өгүүлдэгээр “сайн дур нь хүрсэн- учир тийнхүү гэрэл туяаны хувилал болон хүрч ирсэн гэдгийг цохон хэлмээр байна.
Чингэхдээ үүний эхнийх нь тэнгэр онгодыг савын үзэгдэл, сүүлийнх нь шимийн амьтнаар бэлгэдсэн болохыг өгүүлэх юун.
Түүх уран зохиолын сурвалжид уламжлан ирсэн эртний домгийн зүйл, өдгөө цагийн монгол бөө мөргөлийн амьд ёс уламжлал хоёрыг ийнхүү харгуулан үзсэнээрээ тэнгэр онгод гэрэл туяаны дүр дүрсээр бууж ирэх эл үзэл бол /зарим судлаачдын таамаглаж байгаа шиг иран-персийн маанийн, /манихейн/ ёсны нөлөө дуурайл бус харин эртний монгол домог зүй, язгуур монгол шүтлэг болох бөө мөргөлийн тулгуур үзэл мөн болохыг батлах гэсэн санаа билээ.
Чингэхдээ бид дээд тэнгэр, өвөг дээдсийг онгодын нийтлэг дүр дүрсийг наран сарны гэрэл туяагаар бэлгэдэж, харин тэнгэр, онгод тус бүрийн ааш араншин, дүр төрхийг амьтнаар бэлгэдэх нь ёс болсон зүйл бололтой гэсэн санаа дэвшүүлж байна.
Өмнө ярьсан “Хармайн хайрханы хэллэгт” “саар дур минь хүрвэл гурван настай бууран хар тайлаг тэмээн хувилгаа минь” гэж гарсан нь эл онгодын газар дэлхийд, хүн амьтанд бууж үзэгддэг өвөрмөц дүр нь болой. Үүнийг дархад зоны дунд газар сайгүй дэлгэрсэн Хармайн хайрханы дурдалга, тамлага, хэллэгүүдээс баттай олж мэдэж болно.
Хар халзан тайлак хувилгаатай
Хармайн өндөр их сахиус[6]
Хармайн аавын дуудлагад:
Жэти халзан тайлак хувилгаатай
Алтан хар лус хамжаатай
Хам буурал ава хайрхан
(Rintchen III, 1975, 135)
Хармайн аавын тамлагад:
Долоон халзан тайлак хувисхаатай
Хажи хара бууран зарцатай
Хада хонгилтайг бууцалсан
Хадар бадаатайг /бартаатайг/ түшиглэсэн
Хан асури дайчин тэнгэри
(Rintchen III, 1975, 137)
гэхчлэн өгүүлж байна.
Гэвч дээрх дурдалга, тамлага, хэллэгийн доторх утгын ялгааг аваад үзвэл Хармайн хайрхан бол “долоон /жэти- уйгар урианхай хэлний долоо гэсэн үг/ хар халзан тайлаг хувилгаа-хувисхаатай” онгод юм байна. Чингэхдээ сүүлчийн тамлагаас үзвэл долоон хар халзан тайлагнаас гадна “хажир хар бууран зарцтай” юм байна. Харин бидний тэмдэглэн авсан “хэллэгээс” үзвэл саар дур нь хүрэхлээрээ “гурван настай бууран хар тайлаг” болж хувилдаг ажээ. Ийнхүү бие биеэ нөхсөн олон дурдалга, тамлага, хэллэгээс Хармайн хайрханы онгодыг хар халзан тайлаг юм уу бууран тэмээнд хувилдаг болохыг олж тогтоож болно. Онгод болгон өөрийн гэсэн “хандалга” юм уу “зарц”, “мэдээчтэй” байдаг бөгөөд Хармайн хайрханы “хандалга” нь “бууран хар тэмээ” гэсэн үг. Өнөө хүртэл дархадуудын дунд яригдаж буй хууч ярианд Хармайн хайрхан Амбаажийн тээхэнд хар бууран тайлаг болж үзэгдсэн гэх буюу 1920-оод оны үед Шинэн гэлэнгийн гэрийн гадаа бууран хар тайлаг шүдээ хавираад зогсож байсан гэлцдэг[7]. Ийнхүү бууран хар тайлаг болж биеэр үзэгдэх юм уу зүүд зөнд орж ирвэл Хармайн хайрханыг тахиж, онгодыг цагаалуулах учиртай. Яагаад гэвэл өмнөх онгодын хэллэгт өгүүлснээр “саар дур нь хүрсэн” учраас ийн бууран хар тэмээ болон хувилж байгаа бөгөөд онгодыг цагаалбал уур хилэн нь цайрчихдаг, эс цагаалбал хилэгнэж, гарз хохирол, гамшиг зовлон болдог гэсэн үг билээ. Энэ мэтчилэн Тэнгисийн есөн дараанаас Зөнөг хайрханы малтаж гаргасан “Озуурай юм” хэмээх онгодын дуудлагад “хонин шар цоохор шилүүс хандлага минь” хэмээн тамалж байгаа нь “Озуурай юм” шилүүсээр голдуу хандаж, мэдээ чимээ өгдөг гэсэн үг. Айл амьтны мал сүрэгт шилүүс орсон, хүрсэн байвал “Озуурай юм” тахиж, онгодыг цагаалахаас өөр аргагүй боллоо гэсэн санаа болно. Гэтэл эл онгодын хөлгөлөн явдаг унаа нь бух хар гөрөөс чөтгөр бөгөөд онгодын тамлагад “Бул хар чулуу булш дараа минь” (Дулам 1992, 49) гэхчлэн тамалж байна. Энэ нь Тэнгисийн есөн дарааг Зөнөг хайрхан малтах үед гарч ирсэн хүзүүгүй гөрөөс гэгч мөн болов уу хэмээн бодогдоно. Ер нь Баглайн Удган гэх нэгэн үйлт эх үр хүүхдүүдийнхээ үхлийн хойноос гашуудсан гашуудал дархад бөөгийн тамалгад сонгодог жишээ болж байна. Үүнтэй холбоотой түүх домгийг цухас тодруулбал, төрсөн хүү (Арилдий бүргэд бөө) Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуунаас адуу, үхэр хулгайлсан хэргээр хошуу ноёны тушаалаар цаазлагдсан эмгэнэлт үйл явдалтай холбоотой. Энэ тамалга бол Баглай удганы хувийн гашуун зовлонгоо тоочсон дуулал болно. Энэ тамалгын гол санаа нь онгод болон хувилсан Агарын хайрханы сэтгэлийн өчил бөгөөд хүмүүс хоорондын зөрчил тэмцэлдээ байгалийн сүр хүчнийг хэрхэн чадамгай зарж ашиглаж буйг үзүүлнэ. Баглай удган Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуунд хүүгээ цаазлагдсаны дараа гэртээ эргэн ирж, эзгүй орон зайг нь үгүйлэн олон хоног уйлж шаналсан нулимс нь цас, бороо, шуурга болон хувилж, Вангийн хошууг нэлд нь гамшигт автуулсан гэдэг билээ. Нэгэн хувь бодгалийн уй гашуу нэлэнхүй ертөнцийн гамшиг зовлонд хувилж болохыг энэ тамалга бидэнд хэлж өгч байна6
Иймд бөөгийн онгодын тамалгын гайхамшигт үлгэр жишээ нь бидний хэвлүүлсэн “Агарын хайрханы тамалга” болно.
Хаваа-ваа, Хаваа-ваа, Хаваа-ваа,
Ховоо-воо, Ховоо-воо, Ховоо-воо,
Хэвээ-вээ, Хэвээ-вээ, Хэвээ-вээ,
Асар тэнгэр нөмөргө-мни
Аадарайн өөлө хөдөргө-мни
Алтан лус хөл-мни
Цасан цагаан хуймак нүүлэк-мни
Цагарик цагаан ончи дайралт-мни
Гал цахилгаан буулт-мни
Гучин гурван зассалал чуулга-мни
Хажар хара баавагай хүрхэрэлтэ-мни
Хара эрүүн могай ончиралта-мни
Өрбө хара бөргөт дэбэлгэ-мни
Өлөн цагаан чоно дагуул-мни
Халтар зари унаа-мни
Халзан зари хөтөлгө-мни
Эрхитэ дархад яса-мни
Таннайн табан шара нохаа тухиралга-мни
Есөн хара хэраа мэдэчи-мни
Зуун найман хувилгаа-мни
Бардам Баглаан дуурисхал-мни
Улаан тайган ундаралаас
Хан тайгайн халгилаас
Очи дөлэ бадарсан
Манантаа хара өөлэнээс
Нөмөрөм бууха усан хара үер
Сувурин ирэхэ дабалга-мни
Сугларам буха халгил-мни
Агарайн шара нарин нутак-мни
Онгон Тэмайн хүзүү
Хөхэ хужир, Хонин оола
Хэрэннэк, Хүрэнхарак харууца-мни
Онгон шара модо буулта-мни
Зэндэмэл эрдэнэн
Тохай цагаан сувурга буулта-мни
Тахилгатай табан тологай гүйчи-мни
Хун сагаан толагай ибэлгэ-мни
Хасса улаан хада түчилгэ-мни
Мөрэн, Хайсса, Агар, Оглок умда-мни
Гурбан Хашаалак дамжилга-мни
Өбөр бэеайги харажи сахихаар
Өргөн Чискитээс чуулжи буусамба
Өситйа гэвэл хөмөрнө гэжи мэдээрайтэ
Өршайлтай гэвэл абарна гэжи залбираарайта.
Дархадайги өнөр байхада
Даалимбайги найман аматай вайхада
Бургалтай, Зөөлэн хояарта
Цаматай майдартай вайхада
(Буяий, Сонам тэргүүтнайги
Отага жинсэтай вайхада
Гурбан отагай дарга-нарайги
Отага жинсэтай вайхада
Ара Таннайги дэрэлэн төржи
Арсатай ногаан тайгайги
Тэвайлэн өсөсэм бэеэмни
Азаар хөй (хүү) төрүүлжи
Учирлаар охин заяаажи
Ангир шара оорагаараа
Тэжайн өсхөксэм-ни
Шидэндэ үүртэжи, оншиндаам бүдэрчи
Сэдхэлдэ сэб болжи
Бодолда гашиу волжи
Бэеэндэ хагацал болжи
Ханай зарлик гэжи
Нояанай хойли гэжи
Далаалгажи сүрдүүлжи
Дайрчи туйлжи
Хийсэн хэрэк үнэнтай гэжи
Хэлэсэн үгэ магадтай гэжи
Ганца хөөнай-мни
Бэеайги хораасан халак гижаак
Бангай хошиуй голумта-чин хийссэ
Үнэгэн чинжихэ үнэр-га тонила гияаак гияаак
Жибхайн улаан хада
Хөрэсэ-чин эрги.
Хөмлик-чин хөмөр
Ганца өндэгэнай
Амиги авараа-гай чааваас-даа.
Хөхэ тэнгэртэ ниргүүлжи
Элэсэ чорай волжи
Хуйлирха салхинда
Хийсэхийги- чин үзэхэб
Бангаан хошиуунда
Нойтан сормоста үлдээхэ-кааб
Амалжи андагаа тангарак өргөсөмбэ
Цусан далай, маххан уваa
Ясан хяссал болхаагаа үзээрайтэ
Үлдэнэ гэжи битэгай водоораата
Ганца хөнаанхай амийги
Мэдэдэк тоогаараан
Толагаа дараалан төлүүлхэб, гияаак гияаак
Сэмжаан дэлгэжи
Сэвээрай ояохада бохирдоолсан
Замаан забхаа, зонаа золбин
Нохай яваган, (чармаа шалдан)
Хэссэмэл хара бадарчин
Газараас гарчи, гайнаас олдажи
Учирлаар олдасан
Ганца бүсэгай үрай-мни
Алтан амийги хораавуучи
Үхэлийм магуугаар үхээрайчи
Үгаарлайм моохайгаар үгаараарийчи гияаак гияаак.
Хагацалайн нулимсайги экшайл-га
Харанхайгаас гэгээрэл-гай яабсам бэеэ-мни
Махханда төрөксэн ланчигийги эдэлжи
Цусанда амилсан зоблангаа үүрчи
Бичик гэкчи эрүүн цоохорайги танил-гай яабжи
(Бэххэ гэкчи өмхай шорайги зоорал-га яабжи)
Бийр гэкчи үсэтай зомгалааги
Барил-гаа яабжи өнэ болсамба
Хояар үүраанхаа арда үлдэжи
Гэгэжи гассалжи
Яаваха учир-мни өнэ
Табилан-ни өнэ .
(Дулам 1992: 65-7) (Каролайн Хамфрийн орчуулга)[8]
“Агарын хайрханы тамалга”-д “есөн хар хэрээ мэдээч минь”, “Таннын таван шар нохой тухирлага минь” гэхчлэн гарч байгаа нь мэдээчийн мэдсэний сүүлээр онгодын тухирлага болж өөр амьтан ирдэг гэсэн үг. Тухайлбал Агарын хайрханы мэдээч нь есөн хар хэрээ бөгөөд түүнийхээ араас таван зэрлэг чоно тухирлага болж ирдэг ажээ. “Шар нохой” гэсэн нь чонын эерүүлсэн нэр болох тухай өмнө бид ярьсан билээ. Агарын хайрханы мэдээч нь хэрээ, тухирлага нь чоно байгаа нь “борооны түрүүнд шороо, боохойн түрүүнд хэрээ” гэсэн монгол зүйр үгийг өөрийн эрхгүй сануулах бөгөөд монгол ардын билиг, бөө мөргөлийн залгамж холбоооны тухай санаа төрүүлж болно. Өнөө хүртэл нутгийнхны дунд Агарын хайрханд өргөсөн хүж булигаар, торго дурдам, хунз цайг Ван талаас /Дүүрэгч ван/ хүмүүс ачиж аваад явахад таван галзуу чоно /шар нохой/ ирж цөмийг нь урж тасдаж хаясан гэдэг хууч яриа байдаг байна. Энэ нь мөнөөх онгодод орж байгаа “Таннын таван шар нохой тухирлага” гэдэг нь буй заа. Гэтэл Агарын хайрханы дуудлагад “халтар зарь унаа минь, халзан зарь хөтөлгө минь” гэхчлэн гарч байгаа нь онгодын хөлгө унаа нь зарь хэмээх эр цаа буга байдаг гэсэн үг. Мөн “Ибэдэйн Жамсайн юм” онгодын дуудлагад ч “хар халзан зарь уналга минь, хөх халзан зарь хөтөлгө минь” [Дулам 1992,146] гэж дууддаг нь зарь буга бол дархад бөөгийн онгодын хөлгө унаа болдогийг мэдүүлж байна.
Чингэхдээ хилэгнэх үедээ зарч мэдээч болгодог, тухирлага болгодог амьтан нь өөр өөр боловч ямар ч онгод олон янзын догшин хэрцгий араатан хийгээд амьтны дүр байдалд улиран хувирах увдистай гэдгийг бодолцох учиртай. Иймд олон тамалга, дуудлагад нэгэн зүйлийн амьтныг дурдах нь буй. Үлгэрлэвээс “Агарын хайрхан”-ы тамлагад, “хажир хара баавгай хүрхрэлт минь” гэж гарч байхад “Озуурай юм”-ын тамлагад “хажир хар баавгай хөлбөргө минь” хэмээн тамлаж байна. “Хажир” гэдэг нь юутай ч үл зохилдох догшин хэрцгийн туйл болсныг хэлдэг бөгөөд эл хоёр онгод аль аль нь “хажир хар баавгайд” хөлбөрч хувилдаг гэсэн үг. “Хөлбөргө” гэдэг нь үнсэнд хөрвөөж халирах буцах юмгүй болсон догшин баавгай дүрт онгодыг хэлж байгаа ажээ. Түүнчлэн “Агарын хайрхан”-ыг “хар эрүүн /эрээн/ могой ончролт минь” хэмээн тамладаг байхад “Озуурай юм”-ыг мөн “хара оо эрүүн могай ло зангиралта оо минь ээ” гэхчлэн тамладаг ажээ. Энэ бол аль аль нь онгодын хорт хилэнг могой мэт ончирч зангирч харвах чадлыг хэлж буй хэрэг юм. Мөн “Алмас хар тэнгэр”-ийн тамлагад “аварга могай бөгсөөр унжирсан Алмас хар тэнгэрээр нэмэрсэн (нөмөрсөн) Өндөр Чачирыг эзэлсэн Цэрин буурал аав” [Rintchen III, 1975, 139] гэхчлэн дууддаг байна. Ийнхүү онгодын амьтан дүрт хувилгаа хувилхаанууд нь ямагт аль догшин хэрцгийн биелэл болсон амьтад байдаг байна.
Дүгнэлт:
Тэнгэр, газар, газар доорхи ертөнцийг холбосон бөөгийн онгод хэмээх оюун санааны эл хийсвэр үүтгэлийг бөөгийн онгод ороход болон онгод хувилж үзэгдэх дүр, дүрс, хэлбэр нь сав, шимийн аль нэгэн юм үзэгдлээр төлөөлүүлэн бэлгэддэг байна.
Онгодын магтаал, дурдлага, дуудлага, тамлага, хэллэг, өчил, залбирал зэрэг бөөгийн яруу найрагт онгодын дүр дүрсийг эерэг сайн үйлийн төлөө залрах үед нь нар, сарны гэрэл туяа маягаар, урин хилэн бадруулан ирэх үеийг нь зэрлэг догшин амьтны дүрээр дүрсэлдэг байна.
Онгодын тамалга гэдэг нь голдуу эрт нэгэн цагийн бөө нэрийн аж төрж явсан цагийнх нь сайн муу, эмгэнэлт түүхийн өчил маягтай яруу шүлэг байдаг байна.
Монгол бөөгийн яруу найраг бол нэгэн хувь бодгалийн уй гашуу нэлэнхүй ертөнцийн уй гашуу болж болдогийг, хүмүүний сэтгэлийн байгаль, байгалийн сүр хүчин, гамшиг болж болохыг дохиолсон монгол уламжлалт аман яруу найргийн сонгодог жишээ мөн.
ЗҮҮЛТИЙН НОМ ЗҮЙ
(Бадамхатан 2002) Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан (Хоёрдахь хэвлэл). Редактор Х.Пэрлээ, Улаанбаатар, 2002, 251, 221
(Дулам 1992) Дулам С. Дархад бөөгийн уламжлал. Латин галиг, удиртгал тайлбартай, Эрхэлсэн О.Пүрэв, МУИС-ийн хэвлэл, Улаанбаатар, 1992, 200 т. х.
(Humphrey 1996) Caroline Humphrey with Urgunge Onon. Shamans and Elders. Clarendon Press, Oxford, 1996, 396 pp.
(Ligeti 1971) Ligeti L. Histoire secrиte des Mongols. Monumenta linguae mongolicae collecta I, Budapest academia kiado.1971, 268p. 26
(Rintchen III, 1975) Rintchen B. Matйriaux pour l’έtude du chamanisme mongols. III. Textes chamanistes mongols. “Asiatische Forschungen”, Band 40, Otto Harrassowitz, Wiesbaden, 1975, 151, 110
[1] (Дулам 1992) Дулам С. Дархад бөөгийн уламжлал. Латин галиг, удиртгал тайлбартай, Эрхэлсэн О.Пүрэв, МУИС-ийн хэвлэл, Улаанбаатар, 1992, 200 т. х.
[3] (Бадамхатан 2002) Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан (Хоёрдахь хэвлэл). Редактор Х.Пэрлээ, Улаанбаатар, 2002, 251, 221
[4] (Ligeti 1971) Ligeti L. Histoire secrиte des Mongols. Monumenta linguae mongolicae collecta I, Budapest academia kiado.1971, 268p. 26
5.1991оны 5-р сарын 15-нд /1927 онд төрсөн/ Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэн боржигин овогт Төгсийн Логишри гуай ярив.
[6] (Rintchen III, 1975) Rintchen B. Matйriaux pour l’έtude du chamanisme mongols. III. Textes chamanistes mongols. “Asiatische Forschungen”, Band 40, Otto Harrassowitz, Wiesbaden, 1975, 151, 110
[7] 1992 оны 2-р сарын 6-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3-р багийн малчин С.Чойсүрэн гуай ярив.
[8] . (Humphrey 1996) Caroline Humphrey with Urgunge Onon. Shamans and Elders. Clarendon Press, Oxford, 1996, 396 pp.