Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд сайнаар дуудуулж буй хоёр салбар бий. Нэг нь спортынхон, нөгөө нь цэргүүд. Олон улсын энхийг сахиулах болон дэмжих ажиллагаанд оролцсон манай цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа үнэлэгдэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өсгөж, дэлхийн тавцанд улсынхаа байр суурийг бэхжүүлэн, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг дипломат аргаар батлан хамгаалж яваа.
Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 15 мянга шахам цэрэг энхийг сахиулах болон энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Нэр төртэй, эрсдэл дүүрэн энэ ажиллагаанд оролцсон нэг гэр бүлийн хоёрыг бид онцлон танилцуулж байна. Энэ бол ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн магистрант, хошууч С.Тэмүүлэнзаяа, агаарын цэргийн 353 дугаар ангийн сувилагч, ахлагч Б.Золзаяа нар.
-Цэргийн хүн болсон тухайгаа хуучлаач?
С.Тэмүүлэнзаяа: -Би нийслэлийн 50 дугаар дунд сургуулийг төгссөн. Түүх, уран зохиолын хичээлд дуртай, тооны хичээлээс зугтаадаг хүү явлаа. Аравдугаар анги төгсөөд МУИС-ийн сэтгүүлчийн ангид шалгалт өгтөл тэнцсэнгүй. Цэргийн хувцасны “Бөртэ” үйлдвэрт насаараа ажилласан ээж минь тэтгэвэрт суугаад ганзагын наймаанд явсан юм.
Сургуульгүй үлдсэн би гэдэг хүн ээждээ тусалж наймаа хийхээр шийдлээ. Гэтэл аав “Чи наймаачин болохгүй. Цэргийн хүн бол” гэв. БХИС тэр жил элсэлт аваагүй тул цэргийн хүн болохын тулд Ахлагчийн сургуульд орох, элитийн батальонд алба хаах гэсэн хоёр сонголт л үлдлээ.
Элитийн батальоныг дөнгөж байгуулаад байсан үе. Кинонд гардаг шиг супер цэрэг болно гэсэн мөрөөдөлтэйгөөр тэнд нэг жил алба хаагаад, дараа хавар нь БХИС-д элссэн дээ.
Мэргэжлээ сонгох гээд тээнэгэлзэж зогстол аавын танил хурандаа “Аав чинь мундаг цэргийн дарга байсан. Чи цэргийн хүн болох гэж байгаа нь зөв. Жинхэнэ цэргийн мэргэжил чинь артиллер юм шүү дээ. Артиллерийг дайны бурхан гэдэг юм” гэж хэлчихээд явав. Ингээд л артиллерийн цэргийн командлалын офицер мэргэжлийг сонгож, 2003 онд БХИС-ийг төгссөн дөө.
Их бууны 102-дугаар ангид салаан дарга, дивизионы соёл хүмүүжлийн даргаар ажиллаж байгаад ЦИС-д сурсан. Уг сургуулийг төгсөөд Өвөрхангайн 256-дугаар ангид хуваарилагдаж, тэнд артиллерийн тагнуулын дарга, артиллерийн даргаар найман жил ажилласан. Энэ жил ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академид магистр хамгааллаа.
Академи маань Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүнийг стратеги, тактик, команд, штабын мэргэжлээр сургадаг, шалгуур өндөртэй сургууль. Би хоёр удаа элсэлтийн шалгалтад унаад, гурав дахь оролдлогоороо орсон. Энэ жил төгсөж байна. Шалгалт шүүлэг дууссан. Одоо ромбо, диплом, томилгоогоо хүлээж байна.
Б.Золзаяа: -Дунд сургуульд байхаасаа л цэргийн дүрэмт хувцсанд татагддаг охин байв. Аравдугаар ангиа төгсөөд, дүрэмт хувцас өмсдөг мэргэжил л сонгоно гээд ЦИС, БХИС руу очсон боловч хоёулаа элсэлтээ аваад дуусчихсан байлаа.
Ингээд сургуульгүй үлдэхийн даваан дээр ээж минь “Эмнэлгийн хүн бол” гээд АУДуС-д шалгалт өгүүлж, элсүүлсэн. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон. Нөхрөө Өвөрхангайд хуваарилагдахад би тэнд сувилагчаар ажилд орж, цэргийн хүн болох мөрөөдөл маань биелсэн дээ.
-Тэмүүлэнзаяа удам дамжсан цэргийн хүн юм байна шүү дээ.
С.Т: -Аав минь хурандаа цолтой. ЗХУ руу сургуульд явна гэхэд гэрийнхэн нь дургүй байсан болохоор хэл үггүй, оргож, босох шахам явсан гэдэг. Тэнд дөрвөн жил сурч, гялалзсан цэргийн дарга болоод ирэхэд өвөө нь Идэрийн голын бирваазан дээр хөтөлгөө морьтой уйлаад тосож байсан гэж хуучилдаг юм.
Аавын аав Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны хохь тайж байсан. Тайж өвөө эрт өөд болсон учраас аав минь ээжийнхээ аав дээр өссөн юм билээ. Хожим цэргийн хүн болоход тайжийн хүү гэж хэлж болохгүй учир ээжийнхээ ааваар овоглосон. Ээжийнх нь аав эрдэм номтой, Ардын хувьсгалын жилүүдэд Сүхбаатар жанжны бичээч байсан юм гэнэ билээ.
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон тухайгаа сонирхуулаач. Тэр халуун цэгт очиж үзээгүй бид цэргүүдээ ямар нөхцөлд хэрхэн үүрэг гүйцэтгэдгийг сайн мэдэхгүй шүү дээ?
С.Т: -Би Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн. Манай орон тайван амгалан, энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд эсэн мэнд ирээд байгаа болохоор ямар ч асуудалгүй, амархан юм байна гэж хүмүүс бодоод байдаг. Гэтэл дэлхийн хамгийн халуун цэгүүдэд очиж байгаа шүү дээ.
Олон жил дайтсан, байнга буун дуутай, хажуугаар сум шунгинаж, бөмбөг дэлбэрч байдаг газруудад олон улсын энхийг сахиулах ажиллагаа явуулдаг. Эрсдэлгүй ажиллагаа гэж байхгүй. Афганистан уулархаг, лалын шашинтай, талибан дэглэм ноёрхож байсан, 1979 оноос 10 жил Оростой байлдсан, газарт булсан тэсрэх төхөөрөмжийн аюулаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг газар.
Дайны үед Орос, Афганистан аль аль нь ямар ч зураггүй, хяналт, хязгааргүй баахан мина булаад, түүнээ устгаж цэвэрлэж чадаагүй юм билээ. Үхэр, малаа хариулж яваад минан дээр гишгэн хөлгүй болсон хүн зөндөө. Нөхцөл байдал бол хүнд. Афганистан дахь энхийг сахиулах ажиллагааг НАТО-гоос хэрэгжүүлсэн. Энд бидний хамгаалж буй объект руу буутай хүн ойртож, аюулгүй байдалд заналхийлбэл шууд буудаж болно.
Афганистанд алба хаахад шашных нь тухай ярьж огт болохгүй. Манайхан “Тэдэн машинтай, төчнөөн байртай баян айл” гэдэг бол тэнд хэдэн эхнэртэйгээр нь баян, хоосныг нь хэмжинэ. Тэндхийн залуус эхнэр авахын тулд мөнгө олох гэж цэргийн алба хаадаг.
Харин Өмнөд Судан дахь ажиллагааг НҮБ-аас хэрэгжүүлсэн. Тэнд хүн бидэн рүү гал нээсэн ч бид буудах эрхгүй. Эхлээд “Галаа зогсоо. Бид НҮБ-ын цэрэг байна” гэж орилно. Ингэсэн ч гэсэн үргэлжлүүлэн буудаад байвал дээшээ хий буудаж, “Галаа зогсоохгүй бол би чам руу буудлаа” гэж орилно. НҮБ-ын дүрэм ийм.
Өмнөд Судан бол олон жил иргэний дайнтай байсан, өлсгөлөн, гуйланчлалд нэрвэгдсэн, усгүй, бохир заваан, ялаа шумуул, өөр бидний мэдэхгүй эсэн бусын шавьж ихтэй. Загас сүрэглэхээрээ зай завсаргүй сүлжилддэг шиг ялаа, шумуул нь арзаганаж байдаг. Гол аюул нь тэндхийн шумуул малиар зэрэг аюултай вирус тараадаг. Өдөр нь 50-60 хэм хүрч халдаг болохоор хүмүүс нь ч, ялаа, шумуул нь ч хөдөлгөөнгүй болоод, орой хөдөлгөөнд ордог.
Байлдаж буй хоёр тал нь хүртэл ярилцаж тохирсон юм шиг өглөө, орой тогтсон цагт байлдана. Бид буун дуугаар сэрж, мэлхийн дуунаар унтана шүү дээ. Мэлхий шөнөжин вааглана.
-Дайн байлдаантай газар руу явна гэдэг эмэгтэй хүнд амар хэрэг биш. Золзаяа яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
Б.З: -Эмэгтэй хүнд энхийг сахиулах ажиллагаанд явах боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Надад ийм боломж олдоход нь “Цэргийн хүн болсных, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэе” л гэж бодсон. Энэ тухайгаа нөхөртөө хэлтэл “Хэрэггүй байх аа. Эмэгтэй хүн энд байх хэцүү” гээд намайг болиулах гэж хэсэг ятгаж билээ. Би зөрүүдэлсээр байгаад очсон.
Нэг ээлжинд 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон явдаг. Манай ээлжинд 36 эмэгтэй байлаа. Онгоцноос буухад эмэгтэйчүүдийг тусад нь нэг автобусаар бааз руу хүргэсэн юм. Саун шиг халуун бүгчим агаар, үнэр танар, зурагтаар ч харж байгаагүй өрөвдөлтэй дүр төрхтэй нутгийн иргэдийн нүд халтирам байдал зэргийг хараад бүгд шоконд орсон байх. Бааз руу хүрэх замдаа бүгд баргар царайлаад дуугаа хураачихсан. Бид цэргийн байгууллагад ажилладаг, ажиллагаанд явсан найз нөхдийнхөө яриаг өчнөөн сонссон ч дайн үзээгүй хүмүүс тэндэх нөхцөл байдлыг бүрэн ойлгож, төсөөлдөггүй юм билээ.
Харьцангуй сэтгэл санааны бэлтгэлтэй очсон ч тэнд буунгуутаа “Би юу хийчихэв ээ” гэсэн бодол орж ирж, буцаад нисмээр санагдсан. Амьдрал буцлаад, ямар ч завгүй болохоор цаг хугацаа санасныг бодоход хурдан өнгөрдөг байж билээ. Ээлжинд гарна, хол, ойрын эргүүлд явна, дүрвэгсдэд тусална. Нэг жилийг амрах завгүй өнгөрөөсөн. Жаахан зав л гарвал гэр орон, үр хүүхдээ санана.
Бид есөн сарын хугацаатай явсан ч цагийн байдал хүндэрч, ээлж солилцож чадахгүй байсаар гурван сар сунгаж, бүтэн жил болоод ирсэн. Тэнд эмэгтэй хүн байхад үнэхээр чанга. Тэр ялаа шумуул нь ямар аймаар гэж бодно. Эргүүл, харуулд гарахдаа битүү зузаан хувцастай явна. Байрандаа амрахдаа хувцсаа нимгэлээд тайван суух аргагүй. Бүтэн жил торонд амьдарсан шүү дээ.
С.Т: -Орон дээгүүрээ шумуулнаас хамгаалах тор татдаг юм. Бид түүнийгээ “Үнсгэлжингийн тор” гээд нэрлэчихсэн. Эхнэрээ ирнэ гэхээр нь би давхар тор бэлдсэн. Өөрөө давхар тор татъя гэж бодоогүй хэрнээ эхнэрээ ирнэ гэхээр халдвартай шумууланд хазуулчих вий гэж санаа зовж байгаа нь тэр. Цэргүүдэд илүү тор олдохгүй шүү дээ. Би офицер юм болохоор эрх мэдлээ ашигласан хэрэг.
-Та хоёр Өмнөд Суданд хамт үүрэг гүйцэтгээгүй, зөрж явсан юм уу?
С.Т: -Би гуравдугаар ээлжээр, манай хүн дөрөвдүгээр ээлжээр явсан. Намайг жил болоод буцахад эхнэр маань жил болохоор очсон гэсэн үг. Үндсэндээ хоёр жил уулзахгүй хол байх болж байгаа юм. Үүнийг мэдсэн хоёр батальоны удирдлага хоорондоо яриад эхнэрийг маань эхний ээлжээр ирүүлж, намайг сүүлчийн ээлжээр буцаан, бид хоёрыг тэнд уулзуулж, гурав хоног хамт байлгасан. Гурав хоног хамт байгаад салах гэж их юм болсон.
Буцах цэргүүдийг нисэх буудал руу хүргэхээр цуваа татаад эхлэхэд л сэтгэл сонин болж байгаа юм. Машин руугаа явахад манай хүн уйлаад, дарга нар нь цааш нь аваад явахад өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Би чинь ахмад цолтой, цэргийн дарга хүн, цэргүүдийнхээ өмнө уйлахгүй шүү гэж их хичээсэн.
Ёстой нулимсаа залгина гэдгийг тэгэхэд үзсэн. Ер нь нэг ээлжинд үүрэг гүйцэтгэсэн ч хамт байлгахгүй л дээ. Тэнд 850 хүн байгаа. Бүгд гэр бүлтэйгээ явахгүйгээс хойш тэдний дунд ганц нэг гэр бүл байвал сэтгэл зүйд нь нөлөөлнө.
-Өмнөд Судан одоо ч дэлхийн халуун цэгүүдийн нэг хэвээр байна. Та хоёрыг тэнд ажиллах хугацаанд цагийн байдал хэр хүнд байв?
С.Т: -Манай ээлжийг очоод сар болж байтал цагийн байдал хүндэрсэн. Өмнөд Суданы Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хоёр нь төрийн эрх мэдлээ булаацалдан улсаа хоёр хувааж, цэрэг, цагдаа нь хуваагдаад хоорондоо байлдаад эхэлсэн. Цагийн байдал их хүнд байсан шүү. Гудамжаар нь явахад үхсэн хүмүүс хэвтэж байх нь энгийн үзэгдэл. Жирийн иргэд нь дайны хөлөөс дүрвэж, хүүхдээ тэвэрч, хөтөлсөн, толгой дээрээ чемодан барьсан хүмүүс “Авраарай, туслаарай” гэж орилоод л бидний хамгаалж буй НҮБ-ын цэргийн бааз руу ороод ирнэ шүү дээ. Байлдаж яваад алуулахаасаа айсан цэргүүд ирнэ. Бид тэнд НҮБ-ын нэрийн өмнөөс энгийн иргэдийг нь хамгаалж, байлдахгүй байхыг уриалах үүрэгтэй болохоос байлдаж буй хоёрын алиных нь ч талд орох ёсгүй. Тиймээс цэргүүдийг хүлээж авдаггүй юм. Үүнийгээ тайлбарлаад хэлэхээр буугаа шидэж, дүрэмт хувцсаа тайлж хаяад “Одоо би цэрэг биш. Би байлдмааргүй байна. Намайг авраач” гэнэ. Манай ээлжийг байхад 47 мянган дүрвэгч байсан. Бид тэднийг хооллож ундална, эмчилнэ, хамгаална. Асар хүнд нөхцөлд ажиллана. Ядаж байхад тэр хавийн газар машин бүү хэл хүн ч явах аргагүй орооцолдсон модтой. Төв зам дагуу хэсэгхэн модгүй газраа л байлдана. НҮБ-ын цэргийн бааз тэнд нь ойрхон байрладаг болохоор байлдаан нь бидний дэргэд л болно шүү дээ. Бид аль ч талд нь орохгүй, энхийг сахиулж байгаа болохоор бидэн рүү санаатайгаар буудахгүй ч гэсэн тэнэсэн суманд оногдох эрсдэл их.
-Золзаяаг тэнд гавьяа байгуулсан гэж сонссон.
С.Т: -Намайг буцаж ирээд 3-4 сар болж байтал манай найз дэд хурандаа Мөнх-Оргил “Баяр хүргэе. Эхнэр чинь гавьяа байгуулсан байна” гээд сонины зураг чаатаар явуулчихаж. Тэр сонинд “Монголын цэргүүд эргүүлд явж байгаад галын шугаман дунд 56 цаг хоригдсон. Тэр дунд байсан ганц эмэгтэй Б.Золзаяа шархадсан энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, хүмүүсийн амь аварсан” гэсэн утгатай мэдээлэл гарсан байв.
Бид Өвөрхангайд ажиллаж байхдаа ажиллагаанд явсан, би эргэж ирээд тэндээ ажиллаж байлаа. Манай ангийн удирдлагууд “Манай сувилагч гавьяа байгуулсан байна” гээд дэд ахлагч цолоо зүүгээд дөнгөж 11 сар болж байхад нь ахлагч цол өгсөн. Хугацаагаараа бол гурван жилийн дараа авах ёстой шүү дээ. Цэргийн хүн цолоо л хардаг юм чинь, үүнээс том шагнал гэж юу байх вэ.
-Тэнд юу болсон юм бэ?
Б.З: -Хоёр тал байлдахаа больж, гал зогссон үед бид тодорхой баг бүрэлдэхүүнтэй цуваа үүсгээд, НҮБ-ын тугаа мандуулан эргүүлд гардаг юм. Нэгдүгээрт, бидний тусламж хэрэгтэй газар байна уу гэж, нөгөөтэйгүүр, НҮБ энд байгаа шүү, та нарын дайн байлдааныг олон улс харж байгаа шүү гэдгийг мэдрүүлэх зорилготой.
Манайхан “Робконо” нисэх буудал руу эргүүлд гарахад би сувилагчаар явсан. Нисэх буудлын тэнд очтол хоёр тал байлдаад эхэлсэн. Бид яг хоёр талын галын шугаман дунд орчихсон болохоор зогсохоос аргагүй болов. Нисэх буудал гэдэг нь тэгшилж зассан шороон зурвас, хоёр жижигхэн сэндвичэн байшин.
Сумын онгоцны буудал шиг гэвэл манайханд төсөөлөхөд арай дөхөм болов уу. Буу, сум зөөсөн онгоц нь тэнд л бууна. Байлдаж буй хоёр талын хувьд стратегийн байрлал нь болохоор тэр буудлаа их булаацалдана. Хоёр талаас буудалцаад эхлэхээр энгийн хүмүүс айж, сандарч гүйж яваад суманд оногддог. Тэнд 56 цаг зогсохдоо шархадсан энгийн иргэдэд тусалсан юм.
-Галын шугаман дунд тийм удаан хугацаанд байхад юу бодогдож байв?
Б.З: -Гэр бүлийнхэн л нүдэнд харагдаад байсан. Наашаа гарахаасаа өмнө хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг байж, намайг байхгүй болчихвол тэд маань яах бол гэж их бодсон. Ер нь тийм нөхцөлд хүн өөрийгөө нэг их боддоггүй, хүүхдүүдээ л боддог юм билээ. Манай эрчүүд ч гэсэн барайгаад, дуугаа хураачихсан байсан. Тэнд хоёр хоночихоод бааздаа очиход манайхан бүгд санаа нь зовчихсон байсан. Биднийг хараад их баярласан.
-Эхнэр тань тэнд 56 цаг галын шугаманд хоригдсоныг сониноос л мэдсэн хэрэг үү. Цэргийн хүн болохоор түрүүлж мэдээлэл авах боломж байхгүй юу?
С.Т: -Иймэрхүү зүйлийг ар гэрт нь юу юуны туханд хүрэлгүй мэдэгдэхгүй. Үлдсэн хүмүүсийн сэтгэл санаа үймэрнэ, айдас хүйдэст автана гээд сэрэмжлэх зүйл байна.
-Ер нь манай цэргүүдийн очсон хамгийн хүнд газар нь Өмнөд Судан уу?
С.Т: -Африк тивд явуулж буй НҮБ-ын ажиллагаа бүгд хүнд. Манайхан гурилын элдүүрээс эхлээд буу, сум, байлдааны машин, техник гээд бүх зүйлээ авч очоод НҮБ-д түрээслүүлдэг. Тэгэхээр бид хоол ундаа бэлтгэхээс эхлээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Өөрсдийгөө эмчилнэ, өөрсдийгөө хамгаална. Дээрээс нь, хамгаалах ёстой газраа, тэндхийн иргэдийг хамгаална. НАТО-гийн ажиллагаа бол бүх зүйл нь цаанаасаа, бид зөвхөн харуул, эргүүлдээ гарна.
НҮБ, НАТО Манай цэргийн бүх ээлжийг магтдаг. Тэнд манай цэрэг хамгийн сайн гэж үнэлэгддэг шүү.
-Дэлхийн халуун цэг рүү ажиллагаанд явахад Монголд байснаас илүү мөнгө авдаг байх. Гэхдээ маш том эрсдэл үүрч явж байгаатайгаа харьцуулбал хангалттай биш юм шиг санагддаг.
С.Т: -НҮБ өгдөг мөнгөө л өгдөг. Түүний 70 хувийг цэргийн алба хаагчдад өгөөд, 30 хувийг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд оруулдаг.
-Ер нь залуус амьдралаа дээшлүүлэх гэж л дайн байлдаантай газар руу явж байгаа биз дээ. Тэгээд зорилгодоо хүрч чаддаг уу?
С.Т: -Энэ жил Батлан хамгаалах удирдлагын академи төгссөн дэд хурандаа Ууганбаатар магистрын ажлаа энэ сэдвээр хамгаалсан. Түүний судалгаанд эх оронч үзэл, мөнгө, газар үзэж, өөрийгөө сорих гэсэн гурван үндэслэлээр залуус явдаг гэсэн байна лээ. Тэр судалгаагаар нэг эмзэглэмээр зүйл гарсан.
Анх цэргүүдийг ажиллагаанд явахад гэр бүлийнхэн нь “Дайн байлдаантай газар руу битгий яв” гэдэг байсан бол одоо хэд хэд явчихсан офицер, ахлагч нарын гэр бүлийнхэн “Хэр хугацаагаар явах вэ, хэдэн төгрөг авах бол” гэж асуудаг болсон гэнэ.
Энэ нь бидэнд эмгэнэлтэй сонсогдож байсан. Гэхдээ цэргийн алба хаагч бидэнд эх, эцгээс нь өвлөсөн хөрөнгө мөнгө л байхгүй бол цалингаараа байр сууц авч, амьдралаа дутагдах гачигдах зүйлгүй авч явах боломж хомс болохоор эвлэрэхээс аргагүй.
-Та хоёр зорилгоо биелүүлж чадсан уу?
С.Т: -Манайх хоёр хүүхэдтэй. Бид байртай болъё гэсэн зорилготой явсан. Гэхдээ байртай болж чадаагүй л явна. Нэг явсан мөнгө маань байр авч хүрэхгүй. Хүүхдийн сургууль, аав, ээж, ах дүүсийн асуудал гээд яах аргагүй аминд тулсан зүйлс гараад ирэхээр дансандаа мөнгөтэй хэрнээ таг дуугүй суугаад байлтай биш. Одоо дахиж нэг ажиллагаанд яваад гурван өрөө байртай болно гэсэн мөрөөдөлтэй байна даа. Нэг өрөөг нь хүүхдийн, нэгийг нь номын өрөө болгоно.