Жил бүрийн хавар хятадад аргын тооллын 4 сарын 5-6 өдөр Чин Мин (清明节) баяр тэмдэглэнэ. Энэ баярыг эцэг өвгөдөө дурсах, шарил шүүрдэн цэвэрлэх өдөр (扫坟节) хэмээн янз янзаар хэлдэг. Чин Мин баяр нь хятадын эртний хан-ши ёслолоос үүдэлтэй байна.
Хятадын нэвтэрхий тольд "Чин мин (тод саруул) баярын эхний хоёр өдөр (аргын 4 дүгээр сарын 4-5) бол ханш нээнэ" гэжээ. Хятад хэлний "Үгсийн далай" толь бичигт энэ ёслолын тухай дэлгэрэнгүй тайлбарлан "Хятадын Жин улсын үед (697 – 628 он) Жин Вэн гүн (晉文公) үнэнч албат болох Жэ Житүй (介子推) гэдэг шударга түшмэлийнхээ дурсгалыг хүндэтгэн хан ши хэмээх ёслол хийлгэх лүндэн буулгасан түүхтэй" хэмээн бичжээ. Эртний дайтагч гүрнүүдийн үеийн судар бичигт өгүүлснээр Жин Вэн удирдагч болохоосоо өмнө 20 орчим жил дүрвэн явжээ. Тийнхүү явахад нь Жэ Житүй хамгийн үнэнч албат нь байсан гэдэг. Гуяныхаа махнаас огтлон авч хоол хийж өгөөд эзнээ өлсөж үхэх аюулаас аварч байсан тухай домог мөн энэ Жэ Житүйд хамаарна. Манай тооллын 636 оны орчим Жин Вэн удирдагч болоход Жэ Житүй ээжийнхээ хамт аглаг ойд амьдрахаар оджээ. Жин Вэн шударга түшмэлээ санаад "хүрэлцэн ир" хэмээн олон удаа хэл хүргүүлсэн боловч ирсэнгүй. Тэрээр ойг самнаж ядаад цэргүүддээ түймэр тавихыг тушаасан гэдэг. Харамсалтай нь Жэ Житүй тэр түймэрт өртөн амь эрсдсэн байна.
Жин вэн гүн харамсан гашуудаж үнэнч түшмэлийнхээ дурсгалд зориулан хан ши (寒食節) ёслол үйлдэж байх тушаал буулгажээ. Хан ши гэдгийг монголчилбол хүйтэн хоол (寒食节 Ханши-цэ) гэсэн утгатай. Хан ши-гийн өдрүүдэд гал түлж болохгүй дан хүйтэн хоол иддэг журамтай. Мөн өөд болсон хүмүүсийнхээ булш шарилийг эргэж цэвэрлэн, тахил өргөдөг аж. 732 онд Тан улсын хаан Шуан Зон хан ши ёслолыг хан үндэстний албан ёсны баяр болгов. 2008 онд БНХАУ бүх нийтийн үндэстний баяр, амралтын өдөр болгон тунхаглажээ.