ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “ХИЛ ДАМНАСАН НҮҮДЭЛ, СУУДАЛ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР (1930, 1940-ӨӨД ОН)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гандагтэгчинлин хийдэд зохион байгуулна.
Хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нараас гадна эрдэмтэн судлаачид, түүх сонирхогчид, лам хуварга, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцох юм.
Хурлаар хил дамнасан нүүдлийн талаар 2016 онд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт явуулсан хээрийн судалгааны үр дүн, судалгааны үр дүнд хөдөө орон нутгийн ахмад настнуудын дунд явуулсан аман түүхийн сонирхолтой мэдээ баримтыг сонирхуулахаас гадна зарим ховор гэрэл зураг, түүхэн баримтыг дэлгэн үзүүлэх болно.
Коминтерны зүгээс Монгол оронд улс төрийн тоталитари дэглэмийг тогтоох, хүн амын чинээлэг хэсгийн хөрөнгө, малыг хураан авах, малчдын хувийн мал сүргийг нийгэмчилж, коммунист хамтын аж ахуйнууд байгуулах, худалдаа, тээвэр, үйлчилгээний салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хориглох, гадаадын капиталыг улс орны эдийн засгаас шахан зайлуулах, сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож, хүн амын шүтэх бишрэх эрхийг боогдуулах зэрэг социалист зорилтуудыг хэрэгжүүлсэн билээ. Үүний уршгаар Монгол орон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орсон бөгөөд тэр нь богино хугацаанд улс төрийн хямрал болон хувирч, “төр засгийг” эсэргүүцсэн ард олны бослого хөдөлгөөн орон даяар гарсан юм. Эл улс төрийн тогтворгүй байдал нь ялангуяа хил дагуу байрладаг аймгуудад нөлөөлж худал үнэн цуурхал нь ард олныг хамран нутаг орноосоо дайжин нүүх хөдөлгөөнийг эрчимжүүлжээ.
Тэрчлэн зүүнтний үед явуулсан “феодал”-ын хөрөнгө хураалт, жасын кампани, хамтрал коммуныг олноор нь байгуулж, нам, төрийн шалгалт зохион явуулсан зэрэг нь хувиар хөдөлмөр эрхлэгч, эд хөрөнгөөр чинээлэг хувийн аж ахуйтны өмчийг эздээс нь салган авч эзэнгүйдүүлсэн, хүмүүсийн сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулан, төрд итгэх итгэлийг хөсөр таягдахад хүргэсэн билээ. Ард олны дургүйцэл янз бүрийн хэлбэрээр илэрч байсны дотор 1930 оны эцсээс Өмнөговь, Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо оргож хил даван нүүх, дүрвэх зэрэг үзэгдэл гарч эхэлсэн байна.
Эл дүрвэх хөдөлгөөнд Монгол Улсын хилийн дагуу орших засаг захиргааны одоогийн хуваариар Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгууд хамрагджээ. Эндээс үзвэл хил даван дүрвэх явдал хил залгаа бараг бүх аймгийг хамарсан хөдөлгөөний хэлбэртэй байв. Дүрвэгсдийн дотор лам, хар, феодал агсад, нам, эвлэлийн гишүүд хүртэл оролцсон юм.
1933 оны байдлаар БНМАУ-ын баруун ба баруун өмнө талын аймгуудаас бүрэн бус тоогоор 940-аад өрх айл буюу нэг өрхөд дундажаар 3-4 хүнтэй гэж тооцоход 37 700 орчим хүн дүрвэн гарчээ. Эл дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар (бүрэн бус мэдээ) 11 700-аад өрх бүхий 47 000 орчим хүн хамрагджээ. Дүрвэх хөдөлгөөнийг таслан зогсоох үйл ажиллагааг ДХГ авч явуулахдаа, комисс томилон дүрвэгсдийн дунд соёл боловсрол, гэгээрлийн ажлыг зохиож, ард олныг төвхнүүлэх, суурьшуулах ажлыг гүйцэтгэсэн, нөгөөтэйгүүр, тагнуулын ажлыг сайтар явуулсан, тэрчлэн хил хамгаалалтыг бэхжүүлэхэд анхаарсан ба хил даван нүүсэн ард олныг эх нутагт нь буцаан авчрах ухуулан таниулах ажлуудыг эрчимтэй хийсний үрээр олон зуун өрх айл эх орондоо эргэн ирсэн билээ.
Ийнхүү ард олны дотор бухимдал үүсч, хөдөлгөөнд орсон эл үед Засгийн газрын зүгээс анги ялгаварлах бодлогыг хатуугаар баримталж байсан нь дүрвэх хөдөлгөөнийг намжаах бус харин ч улам гааруулж, цаашдаа зэвсэгт бослого болон даамжрах үндсийг бүрдүүлсэн юм.
Харилцах утас: 95641409, 99150893, 11-458305.