ИНЕГ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах сарын аяны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тохиолцуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв”-тэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгууллаа. Тус төвийн 35 иргэний урласан 11 төрлийн бүтээгдэхүүнээр олон улсын болон орон нутгийн нислэг ихтэй өдрүүдэд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явах зорчигчдын танхимд үзэсгэлэн худалдаа гаргасан юм.
Мөнгөний ханш суларч, хүмүүсийн худалдан авалт муудсан өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бараа бүтээгдэхүүн борлуулалт муу байгаагаас гадна тэд бүтээгдэхүүнээ бараа солилцоогоор өгч байгаагаас үүдэн эргэлтийн хөрөнгөгүй болоод байгаа аж. Тиймээс энэхүү үзэсгэлэн худалдаа нь тэдэнд бага ч болов эргэлтийн хөрөнгөтэй болоход нь тус дэм боллоо хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархалтай байна.
Сарын аяны хүрээнд Газрын тусгай үйлчилгээний алба, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчидтой хэрхэн харилцах талаар сургалт зохион байгууллаа. Мөн ИНЕГ болон түүний харьяа алба, салбаруудын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулах “Хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө” хандивын аян өрнүүлээд байна. Түүнчлэн ИНЕГ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих үүднээс хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн эрхэлж буй “Өнөр дизайн” ХХК-тай хулдаасан хэвлэл, фото хэвлэл, хаяг рекламны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.