2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг Канад Улсад төвтэй “Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ” байгууллагын Азийг хариуцсан бүсийн зохицуулагч Степани Хой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү байгууллага нь Канад Улсын Гадаад Хэргийн Яамаар дамжуулан тус улсын Засгийн газрын санхүүжилтээр сайн дурын ажилтнуудын оролцоотой, түншлэлийг хөгжүүлэх замаар залуучууд, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг юм.
Энэ хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу ХНХЯ, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба нь Канадын сайн дурын ажилтнуудтай байгууллагынхаа чадавхийг бэхжүүлэх, салбарын бусад түнш байгууллагын хооронд ажил төрлийн хэлхээ холбоо тогтоох, мэдлэг, ур чадвараа солилцох, төлөвлөлт, боломжит хөрөнгө оруулалт хийх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахаар боллоо.