Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн сурагчид Сингапур улсад зохиогдох Азийн Залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлж оролцохоор болжээ. 12 дугаар сарын 1-нээс 8-ны хооронд болох тус чуулга уулзалтад Азийн 20 гаруй улс орны залуучууд оролцох аж.
Эдгээр сурагчдыг Засаг дарга Г. Батжаргал хүлээн авч уулзан нэр хүндтэй том арга хэмжээнд оролцохоор болсонд баяр хүргэлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ "Манай сурагчид эх орноо төлөөлж оролцохоор болсонд баяртай байна. Та бүхэн энэхүү чуулга уулзалтаас их зүйлийг сурч мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэв. Мөн тэрээр Сингапур улсад суугаа Монголын элчин сайдын яаманд Аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс хүргүүлэх бэлэг болон хүүхэд залуучуудын хоорондоо дурсгал болгон солилцох нутаг орны онцлогийг агуулсан гарын бэлгийг аймгаас бэлдэж өгөхөө энэ үеэр илэрхийллээ.