БНСУ-д өрнөж буй жагсаал юунаас эхтэй вэ? Ерөнхийлөгчийнхөө суудлыг ганхуулж, нэр хүндийг нь "арчсан" энэ жагсаал Инхва эмэгтэйчүүдийн их сургуульд морин спортын тамирчин Жон Юра хэмээх оюутан тусгай элсэлтийн шалгалтгүй орж ирснээс үүдэлтэй. Зөвхөн энэ асуудлаас болж, эмэгтэй голдуу оюутнууд хотын төвд 30 мянган хүн цуглуулж, эсэргүүцлийн жагсаал хийснээр төрийг хүртэл өөрчлөх алхам болов.
Энэ бүхний ард ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний туслахууд, эмэгтэй "Распутин" хэмээх нэр аваад буй зөвлөх эмэгтэй байсан нь төрийн тэргүүнээ эсэргүүцэх оюутны жагсаал болж хувирсан юм.
Тэгвэл энэ асуудал хүндэрч, зөвхөн оюутнууд гэлтгүй бүхий л насны хүмүүсийг хамарсан их хөдөлгөөн өрнөх шинжтэй. Хэрвээ ерөнхийлөгч өөрийн саналаар огцрох шийдвэр гаргахгүй бол энэ сард дахин том жагсаал хийхээр төлөвлөж байгаа.
Авлига, хахууль, шударга бус зүйлийн эсрэг солонгос оюутнууд төдийгүй дунд болон ахлах сургуулийн сурагчид жагсаж байна. Харин манайд оюутнууд сарын 70 мянган төгрөг өгсөнгүй, өлсөж байна гэх зэргээр жагсдаг.
Түүнчлэн ерөнхийлөгчөө эмэгтэй распутинтай, найзынхаа үгээр төрийн хэргийг явуулдаг гэж бухимдаж байна. Ерөнхийлөгч, түүний найз зөвлөх хоёрыг холбож буй гол шалтгаан бол шашин. Тэгвэл манайд сангийн сайд байсан нэр бүхий эрхэм төрийн ордонд гал тахиж, хуулийн заалтанд оруулах өөрчлөлт, элдэв янз бүрийн шийдвэрээ тооны сайн муу, шашины үйл хэрэгтэйгээ хольж хутгаж байсан цаг үе ч бий. Соёлтой, хөгжсөн оронд ийм асуудал эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх гол шалтгаан, улс төрчийг огцруулах хангалттай үндэслэл болдог аж.
Ерөнхийлөгч нь хоёр ч удаа уучлалт гуйж, буруугаа хүлээн зөвшөөрч, зарим нэг өөрчлөлт хийгээд эхэлчихсэн байхад ард түмэн нь заавал огцрохыг шаардаж буй. Харин манай улс төрчид дансанд байршуулсан мөнгөө "мартчихлаа", японд барилдаж байхад нээсэн дансыг маань "офшоор" хэмээн нэрлэж байна гэж олон сэтгүүлчид цуглуулаад сүртэй мэдэгдэл хийхээс биш, толгой бөхийж, уучлалт гуйх нь битгий хэл "у"-тай үг ч унагаж байгаагүй дээ.