Цахим ертөнцөөр баяжах аргаа олж, саятнуудын жагсаалтад багтсан энэтхэг гаралтай америк бизнесмэн Гурбакш Чахал гурван жилийн өмнө найз охинтойгоо муудалцаад 117 удаа гар хүрсэн хэрэгтээ ял сонсож, тэнсэнтэй суллагдсан. Энэ хэргийн баримт болгож, түүний гэрийнх нь хувийн бичлэгийг ашиглаж, баян эрийг шүүхийн өмнө дуудсан юм. Шүүхээс түүнийг анх удаа хэрэгт холбогдсоныг нь харгалзаж үзээд гурван жилийн тэнсэн, 52 долоо хоног уураа барих тусгай сургалтад явуулж, 25 цаг олон нийтэд тустай ажил хийлгэх даалгавар өгсөн юм.
Гэвч өнгөрсөн онд түүнийг найз охиноо бичиг баримтгүйгээр нь дарамталж байсан шинэ баримт олсноор тэнсэнг нь цуцалж, хэргийг дахин мөрдөхөөр болсон юм. Үр дүнд нь саяхан шүүхээс түүнийг нэг жил торны цаана суух ял оноолоо.
Гурбакш онлайн ертөнц цэцэглэж байсан үед бизнесийнхээ гарааг эхэлж хамгийн анх "Click Agents" зар сурталчилгаа байрлуулдаг компаниа 40 сая долларын үнэд хүргэж чадсан. Улмаар 2004 онд байгуулсан "Bluelithium" компаниа гурван жилийн дараа "Yahoo"-д 300 саяар зарж байжээ.
Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө дөрөв дэх компани болох "Gravity4"-ийг үүсгэн байгуулж, өдгөө хүртэл тус компанийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байв. Түүнийг удирдаж байх үед нь компанийн нэгэн эмэгтэй ажилтан хүйсээр ялгаварлан, гадуурхдаг хэмээн гомдол мэдүүлж, дуулиан дэгдээсэн ч тэгсгээд намжсан. Тэрбээр энэ онд компанийнхаа бүх эрх мэдлийг өөрийнхөө төрсөн дүүд шилжүүлжээ.