2007 онд АНУ-ын Аламеда хотноо Хэллоүн баярын үеэр 15 настай монгол охин Ичинхорлоогийн алтан амийг бүрэлгэсэн алуурчны хэргийг шүүх хурал энэ сарын 3-нд боллоо.
Хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан шалтгаанаар эцсийн шатны шүүх ийнхүү хойшилсоор өдий хүрсэн байна. Дүүргийн шүүгч Тим Вилман уг хэргийг үйлдсэн Тони хочит Тран Очоуд хэрэг хүлээх насанд хүрсэн тул оногдох ялыг төлөвлөн Аламеда хотын Дээд шүүхийн танхимд анхны байдлаар танилцуулсан байна. Хэрэгтэнд одоогоор ялын дээд хэмжээ (firstdegree murder) сонсголоо.
Энэ дашрамд дурдахад Калифорни муж цаазаар авах ял хэрэглэдэг Америкийн цөөн хэдэн мужийн нэг юм. Уг хэрэгт холбогдсон Окландын таван залууд ч бас ял оноожээ. Тэд Хэллоүний үдэш Вашингтон паркт төрсөн өдрийн баяр тэмдэглэж байсан монгол хөвгүүд охидыг хараад айлган сүрдүүлж, дээрэмдэх санаатай эхлээд агаарт дөрвөн удаа хий бууджээ.
Шоу цэнгээний үеэр элбэг тохиолддог гэрэлт буудлага хэмээн андууран зугтаж амжаагүй хүүхдүүд рүү Тран Очоу дахин хэд хэд буудсан гэнэ. Энэ үед эхний эгнээнд сууж байсан Ичинхорлоо (Ико) охины нуруунд сум тусаж, амь насаа алдсан билээ. Гэмт хэрэгтнүүд зугтан зайлсан боловч Цагдаагийн газраас тэднийг баривчилж чадсан юм.
М.Сугараа