Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архины “ТБЦ” компанийн эздийг их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Тус компанийнхан архины онцгой албан татварын хуурамч тэмдэг буюу акц ашиглан “Оргинал”, “Үндэс” нэртэй архи үйлдвэрлэж татвараас зайлсхийж байжээ.
Бидний авсан мэдээллээр тус компанийнхан хамгийн сүүлд 2006 онд Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс онцгой албан татварын тэмдэг авсан бөгөөд түүнээс хойш нэг ч удаа татвар төлж авч байгаагүй аж. Тус компанийн удирдлага цагдаагийнханд өгсөн тайлбартаа “2006 оноос хойш онцгой албан татварын хуурамч акц ашиглаж байсан” хэмээн мэдүүлсэн байна. Тус компанийн удирдлагыг хуурамч акц ашиглаж, татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр өмнө нь хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2008 онд УИХ-аар баталсан Татварын өршөөлийн болон 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу прокуророос хэрэгсэхгүй болгожээ.
“ТБЦ” компанийнхан үйлдвэрлэсэн их хэмжээний архиа орон нутаг, Нарантуул худалдааны төвд худалддаг бөгөөд тус төв дэх цагдаагийн тасаг, ЭЦГ-ынхан хамтран өнгөрсөн сарын 30-нд шалгалт явуулсан байна. Энэ үеэр орон нутаг руу явах гэж байсан ачааны машинд 1032 шил хуурамч акцтай архи ачиж байсныг цагдаагийнхан хураан авчээ. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах архины үйлдвэрт нь шалгалт хийхэд онцгой албан татварын хуурамч тэмдэг наасан 1394 шил архи, 3000 гаруй хуурамч тэмдэг, архи үйлдвэрлэхээр авчирсан гурван торх спирт илрүүлсэн байна. Цагдаагийнхан дээрх бараа бүтээгдэхүүнийг хураан авч, үйлдвэрийг битүүмжлээд байгаа талаар эх сурвалж мэдээллэв.
Мөрдөн байцаалтын явцад дээрх гурван торх спиртийг тус компанийнхан хууль бусаар хил нэвтрүүлсэн нь тогтоогдож, татвараас зайлсхийснээс гадна эд зүйл улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн гэсэн зүйл анги нэмэгдэн шалгуулж байгаа гэнэ. Тус компанийнхан төдийгүй өөр 13 компани онцгой албан татварын хуурамч тэмдэгт ашиглан үйлдвэрлэл явуулж, татвараас зайлсхийж байгааг өмнө нь илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох талаар ХХААХҮЯ, Татварын ерөнхий газарт санал хүргүүлж байсан боловч дээрх газарт ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудын хэн нэгний ашиг сонирхол нөлөөлсөн бололтой, албан ёсны шийдвэр гараагүй гэнэ.
Цагдаагийнхан хууль зөрчиж байгаа үйлдвэрүүдийг хаахгүй бол “Азийн чоно” компанийнх шиг үйл явдал давтагдаж болзошгүй талаар дээрх байгууллагуудад анхааруулсаар байгаа. “Азийн чоно”-ын гэх хэрэг гарахаас өмнө цагдаагийнхан хуурамч акц ашиглаж татвар төлөхөөс зайлсхийж байгаа үйлдлийг нь илрүүлэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор холбогдох байгууллагад хандаж байсан боловч хайхрахгүй байсаар хортой спиртээр архи үйлдвэрлүүлж, олон хүний амь насыг хохироосон билээ.
Тиймээс татвар төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа, борооны дараах мөөг шиг олширсон, монголчуудыг архин далайд живүүлж буй архи спиртийн үйлдвэрүүдийг хаах талаар төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч өгөхийг цагдаагийн байгууллагаас сануулж буй юм. Түүнчлэн архи спиртийн хууль бус үйлдвэрүүд хяналт шалгалт сул, гэр хорооллын болон орон нутгийн дэлгүүрт хуурамч архиа ачааны автомашинаар зөөж аваачин борлуулж байгаа гэнэ.