ОХУ-ын Алтайн хязгаарын Кош-Агач дүүргийн шүүхээс өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр хил давуулан гаргаж байсан бүлэг хэрэгтнийг шүүн, ял оноолоо. ОХУ, Монгол, Казахстаны зургаан иргэнийг ОХУ-ын эрүүгийн хуулийн 188-д зааснаар буюу контрбандын хэргээр шүүсэн байна. Тэдний дотор Монгол Улсын иргэн Аманжол Сансызбай, Бейбитхан Даукен, Ержан Калемшарив нар багтсан бөгөөд тэд Монголоос Орос улсад өргөн хэрэглээний хятад барааг гаалийн үзлэг, татваргүйгээр нэвтрүүлдэг байсан гэнэ.
Бүлэг хэрэгтнүүд өнгөрсөн жилийн гуравдугаар сард зургаан сая рублийн бараа авч яваад цагдаа нарт баригдсан байна. Тэдний ачаанд “Улаан ном”-нд орсон ирвэсний арьс хоёр ширхэг байсныг Монголоос 50000 рублиэр худалдан авсан гэж хэрэгтнүүд мэдүүлжээ. Дүүргийн шүүхээс Аманжол Сансызбай, Бейбитхан Даукен нарт дөрвөн жил хагас, Ержан Калемшаривт дөрвөн жилийн ял оноосон байна. Хэрэгтнүүд ялаа онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх аж.
М.СУГАРАА