Амазон, Стрингс, UB-13, Метрополис, Риверсаундс, Холливуд, Макс, Бриллиант, Жура, Хаппи, S, Ocean гээд хууль зөрчдөг баар, цэнгээний газруудын нэр хөвөрнө. Монгол Улсад хууль үгүй юм шиг авирладаг согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар, цэнгээний газар, дэлгүүрүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр цэгцлэхээр шийдсэн.
Тэрбээр энэ ажлаа, иргэдийн захиалгар хийж буй хэмээн тодорхойлсон юм. Нийслэлийн удирдлагууд өнгөрч буй сард иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонссон. Энэ үер иргэд Улаанбаатар хотыг, залуучуудыг замбраагүй архидалтаас хамгаалж, салгаж өгөөч гэсэн хүсэлтийг хамгийн их гаргаж байлаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр цагдаагийн дарга нартай уулзаж архидалт, түүний хор нөлөөгөөр гарч байгаа гэмт хэргийн талаар ярилцахдаа, архидан согтуурахтай тэмцэх талаар санаачилга гаргахгүй, байж л байдаг юм гэсэн байдлаар хандаж байна хэмээн хатуухан зэмлээд, хугацаатай үүрэг даалгавар өгсөн хотын мээр “Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж гаргаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан болж цагийн хуваарийг зөрчин согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг баар, цэнгээний газрууд, дэлгүүрүүдийн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргуулахаар тогтлоо. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, цагдаа, мэргэжлийн хяналтынхны хийсэн удаа дараагийн үзлэг, шалгалт, иргэдийн мэдээллийн дагуу ажиллах цаг зөрчин, хууль сахидаггүй, энэ зөрчлөө удаа дараа давтан гаргаж байгаа нэр бүхий 61 баар, цэнгээний газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг Ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Батын тушаалаар хүчингүй болголоо.