Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Нийслэлийн Засаг Даргын 2010 оны 05 дугаар сарын 26 –ний өдрийн “Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 345 тоот захирамжийн 5 дахь заалт, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг.Нийслэл, дүүргийн Цагдаагийн байгууллагын шалгалтаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-ын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэснийг, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”, 2009 оны “Журамд өөрчлөлт оруулах тухай” 91 дүгээр тогтоолыг тус тус удаа дараа зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулж, согтуугаар гэмт хэрэг, зөрчил байнга үйлдэгдэх, хүүхэд залуучуудын ёс суртахуун хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан нөхцөл үүсгэж байгаа хавсралтанд дурдсан 61 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
Хоёр. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дээрх аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, Нийслэлийн Цагдаагийн газарт тус тус хүргүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/-т үүрэг болгосугай.
Гурав.Тушаалын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Ч.БАТ