Монголд нисэх хүчин байгуулагдаад 85 нас сүүдэр зооглов. Өнөөдөр агаарын орон зайд Монголын өвгөн бүргэдийг МИАТ гэсэн нэрээр сайн таних билээ. Харамсалтай нь ойрын хэд хоног монгол бүргэд жигүүр дэлгэсэнгүй. Тэнгэр газрыг холбодог Аэродромууд монгол бүргэд яагаад нисэхгүй байна хэмээн эрэн сурах болов. Түүний тээх ёстой зорчигчийг солонгосууд авч ирснийг хараад гайхацгааж байна. Тэд монгол бүргэдийн жигүүр цуцсан бололтой, яагаа юм бол. Цаашид агаарт гарах болов уу яах бол гэж сураг тавьж байна. Үнэхээр ч монгол бүргэдийн жигүүр цуцжээ. Гэхдээ тэр нь хөлөгт байгаа юм биш. Түүнийг хөөргөдөг МИАТ гэдэг компанийн бие лагшин муудсантай холбоотой. Агаарын хөлгийг арчилж, засварлаад дахин нисгэчихэж болдог бол түүний удирдлага алдагдсан цагт бүргэдүүд нисэх тухай санахын ч хэрэггүй гэдгийг саяхан МИАТ компанид болсон үйл явдал харууллаа.
МИАТ-ыг хүнтэй зүйрлэвэл хоолны хордлого авч, дусал залгуулаад эмнэлгийн орон дээр хэвтэхэд хүрлээ. Хаа очиж энэхүү компанид төр шуурхай эмчилгээ хийсний дүнд арай л цаашаа явчихсангүй эргэв. МИАТ бужигнасан ганцхан өдрийн дотор тус компани 384 сая төгрөгийн алдагдалд орж, 1140 зорчигчийн эрх ашиг хохирсон. Энэ бол дан хохирол. Давхар хэчнээн их хохирол хүлээснийг тооцох аргагүй. Компанийн нэр хүнд, бизнесийн эрх ашигт лав арилшгүй толбо үлдэв. Төрийн өмчийн хороо, ЗТБХБ-ын яам гэсэн хоёр удирдлагатай төрийн өмчийн энэ компанийн ужгирсан бээр хагарч, түүнийг шахахаас өөр аргагүй болсон тул Засаг шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авсан. Дээрх хоёр байгууллагын удирдлагыг Зас гийн газар дээр дуудаж ирүүлээд гурав хоногийн дотор нислэгийг сэргээ гэсэн үүрэг өгсний үр дүн гарч байх шиг байна. ТӨХ хуралдаж МИАТ-ын хуучин ТУЗ-ийг шууд өөрчилж орхив. ТУЗ-ийн дарга байсан ТӨХ-ны дарга Г.Сугар өөрөө санаачилга гарган мэргэжлийн хүнд суудлаа тавьж өглөө. Тэрбээр цэвэр мэргэжлийн гэж хэлж болох МИАТын вант улсад эрхбиш бодлого барьдаг яамных нь хүн орж ажиллах нь зүйтэй гэж үзэв бололтой. Гэхдээ энэ шийдвэр гэнэт төрсөн санаа бодол биш байх. Засгийн газраас ТӨХ хүртэлх богино замд энэ шийдвэр төрөөгүй нь ойлгомжтой.
ТӨХ-ны хурал эхлэхийн өмнө ЗТБХБ-ын сайд Х.Баттулга МИАТ-ын ТУЗ-ийн даргад өөрийн хүнийг, бүр тодорхой хэлбэл өөрийн удирддаг яамныхаа хэлтсийн дарга, цагдаагаас гаралтай Д.Махбал гэдэг залууг тавих гэж байна гэсэн яриа ТӨХ-нд гарсан байв. Тэр нь ч ёсоор болов. Цаг хүрэхгүй хугацаанд энэ асуудал шийдэгдсэн. Дараа нь МИАТ-ын гүйцэтгэх захирлын асуудал яригдлаа. МИАТ-аас гаралтай, тус компанийн Маркетинг борлуулалтын албаны дарга Ц.Орхон гэдэг залуу хуралд дуудагдаж ирээд шууд л захирлаар томилогдов. Эндээс харахад Ерөнхий сайд, цаашлаад ЗТБХБЯ, ТӨХ-ны удирдлага МИАТ-д болж буй үйл явдлыг соргогоор ажиглаж, басхүү өөр хоорондоо зөвлөлдсөн гэдэг нь илт байна. Тэгээд ч МИАТ унах уу, босох уу гэсэн энэ хүнд цаг үед Засгийн газар шавдуухан арга хэмжээ авч, цоо шинэ хүмүүсийг албан тушаалд тавьсан нь зөв алхам болов. МИАТ, ИНЕГ зэрэг байгууллагынхан өөр хоорондоо шивнэхдээ “Ленинградын академийнхны цаг иржээ. Тэднийхийг төгссөн боловсон хүчнүүд хүчтэй шүү” гэцгээх нь шинэ захирлын нэр хүнд муугүйг илтгэх мэт. МИАТ компанийг нүд аниулчихалгүй байж чадах удирдлагыг томилж, тэднийг үйл ажиллагаагаа цэгцэлтэл нислэг саатуулахгүйн тулд БНСУаас нисэх бүрэлдэхүүнийг техник үйлчилгээний багтай нь авчраад байгаа.
Тэгэхээр МИАТ-ын шинэ удирдлага яаж ажиллах, энэ компанийг авч явах шинэ багаа хэрхэн бүрдүүлэхээс бүх ажил эхлэх бололтой. Өөрөөр хэлбэл шинэ удирдлага МИАТ-ыг зад угаах ажлыг хэрхэн хийхээс өвгөн бүргэд тэнгэртээ байх, эсэх нь шалтгаална гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр МИАТ-ыг тойрч бөөн шуугиан дэгдээд байгаа ч онгоцоо нисгэж чаддаг, засвар үйлчилгээ техникийн аюулгүй байдлыг хангадаг, мэргэшсэн хамт олон тэнд бий. Тэднийг хэрхэн зөв замаар удирдах вэ гэдэг л гол асуудал. Манай МИАТ-ынхан ажлаа мэддэг улс гэдгийг олон улс, дэлхийн хэмжээний иргэний агаарын тээврийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг юм билээ. МИАТ хэмээх том айлын 14 дэх захирлаар очиж байгаа Ц.Орхоныг МИАТ-ынхан ажил хэрэгч, нисэхийн амьдралыг сайн мэддэг хүн гэж гэж үнэлдэг гэсэн. Гэхдээ хойшид энэ компанийг яавал ашигтай ажиллуулж, цаашид Монголын нэр нүүрийг хэрхэн улайлгахгүй авч явах вэ гэдэг нь ганц захирлын асуудал биш ээ. Тус компани нэгэнт л төрийн мэдлийнх нь үнэн юм бол төрийн зохицуулалт яах аргагүй хэрэгтэй болно.
Энэ зохицуулалтын эхэнд МИАТ дахь улстөржилтийг арилгаж, ямар нэгэн улс төрийн хүчний бодлогоос хараат бус байлгах орчныг бүрдүүлэх цаг ирж. Өөрөөр хэлбэл нэгэнт хагарсан идээ бээрийг шахахдаа улс төрийн хүчнийхний үлдээсэн ужгийг илаарштал шахаж, шинээр төрүүлэх нь чухал байна. Ний нуугүй хэлэхэд энэ компани сүүлийн 20-иод жилийн турш аль нэг улс төрийн намын дохио зангаагаар удирдуулж, төрийн мэдлийнх гэсэн нэрийн дор улс төрийн хүчнийхний золиос болсоор ирсэн шүү дээ. Сонгуульд аль нам ялна вэ, түүний мэдлийн боловсон хүчин төрийн өмчит МИАТ-ыг удирдах ёстой хэмээн шимэгчилж, МИАТ-ыг албан тушаалтны бараа шахдаг бизнесийн үндэс болгосоор тусгай эрх, үүрэг бүхий энэ компанийг тамирдуулахад хүргэсэн нь нууц биш.
Сүүлдээ тусгай мэргэжил шаарддаг энэ компанийнхан ажлаа хийхдээ хүртэл аль нам сонгуульд ялахаас өөрийн ажил амьдрал шийдэгдэнэ гэдгийг тооцоолдог болчихоод байна. Иргэний агаарын тээвэр цусаар бичигдсэн дүрэмтэй гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Гэтэл улс төрийн хүчний байр сууринаас төр энэ байгууллагад хандаж ирснээс нөгөө дүрэм журам гээч нь алдагдаж, нислэгийн аюулгүй байдалд хүртэл нөлөөлдөг болсон байна. Үүнийг батлах баримтыг Нисэхийн захын хүн ярина. Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш гэхэд л энэ компани 14 дэх захирлынхаа нүүрийг үзэж байгаа.
Энэхүү вант улсад ажилтнууд, удирдлагуудын зөрчил мөнх оршиж, талцал хуваагдал, зөрчил сөргөлдөөн газар авсан гэдэг үнэн бололтой. Тус компанид үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал тийм л байна. 120 ажилтантай техникийн албаны 105 хүн ажлаасаа гарах өргөдлөө өгч, олон улсад нисэх ёстой онгоцоо “барьцаалсан” нь өрсөлдөөн, сөргөлдөөн ямархан байдгийг илтгэв. Ё.Энхтөр гэдэг хүний ахалдаг тус албаныхан нэг жилийн дотор зургаан ч удаа онгоц нисгэхээс татгалзаж, хэд хэдэн удаа ажил хаялтаар сүрд үүлж байсан нь мэргэжлийн хамт олны дотор улстөржилт нэвчиж, өвчлүүлсний баримт мөн. МИАТ-ын ТУЗ, компанийн захирлын томилгоог мэргэжлийн болон боловсрол, чадварын талаас нь харахад боломжийн залуус байна. Гэхдээ л цаанаас нь сайд Х.Баттулгын улс төрийн хомхойрол, нам хоорондын тохиролцоо үнэртээд байна даа. ТУЗ-ийн дарга Д.Махбал АН-ынх, гүйцэтгэх захирал Ц.Орхон МАХН-ынх гэсэн сураг сонсдов. Хамтарсан засагт нэг хөнжил хувааж байгаа хоёр нам хуваадгаараа хуваасан бололтой. Уг нь ийм байр сууринаас хандмааргүй байгаа юм. Шинэ томилгоо МИАТ-ыг өвчлүүлж байгаа улс төрийн хор, хирийг арилтал зад угаах алхам байгаасай гэж хэн хүнгүй хүссэн юмсан. Ийм цэвэрлэгээ хийхгүйгээр МИАТ илааршихгүй ээ.
Б.ЭЛДЭВ