Белорусын Брестэд суугаа манай улсын Консул Х.Болдбаатар хил давуулан хууль бус тамхины наймаа хийж яваад Польшийн хууль хяналтын байгууллагын ажилтнуудад саа туулагдсан гэсэн мэдээлэл барууны зарим сайтад гарчээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын албаных наас тодруулахад “Белоруст суугаа манай Консулын ажилтан хууль бус наймааны хэрэгт холбогдон саатуулагдсан талаар гадаадын зарим сайтад нийтлэгдсэн байхыг уншсан. Чухам юу болсон талаар тодруулахаар тус улсыг хамаарч буй ЭСЯ-аараа дамжуулан ажиллаж байна” гэсэн юм. Консул Х.Болдбаатар тус улсад манай улсын Консулаар 20 орчим жил сууж байгаа нэгэн бөгөөд эхнэр нь тухайн улсын иргэн юм байна.
Зарим сайтад түүнийг тамхины хууль бус наймаа эрхэлж байгаад баригдсан тухай мэдээлсэн бол өөр сайтад хар тамхи тээвэрлэж яваад Польшийн хил дээр саатуулагдсан хэмээжээ. Манай улсыг төлөөлөн гадаадад суугаа эрхмүүд энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдох явдал цөөнгүй гардаг. Ялангуяа Европын орнуудад ийм наймаа хийж байгаад баригдан улсынхаа нэр хүндийг унагасан дипломатчид цөөнгүй. Өнгөрсөн жил л гэхэд ОХУ-д суугаа цэргийн атташе Л.Батцэнгэл тамхи наймаалах гэж яваад баригдсан.
Түүнээс өмнө Болгарт сууж байсан Элчин зөвлөх Д.Шатарбал их хэмжээний хар тамхи дипломат дугаартай автомашинаар зөө ж яваад баригдан шийтгүүлж байсан билээ. Бидэнд олдсон мэдээллээр тамхины хууль бус наймаа нь Европт асар өндөр ашиг олдог бизнес аж. Тиймээс манай дипломатчид ийм хууль бус наймаанд дипломат паспортаа ашиглан оролцдог гэнэ.
Г.РАВЖАА