Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “MИАТ” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай өчигдөр орой танилцаад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан.
Энэ дагуу нөхцөл байдлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газар “МИАТ” ХК-тай холбоотой асуудлыг 2 дах удаагаа авч хэлэлцэж байгаа нь энэ юм.
“МИАТ” ХК-ийн Техникийн газрын инженер, техникийн хэсэг ажилтан 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06.45 цагт нисэх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “Боинг 737-800” онгоцыг нислэгт гаргалгүй саатуулснаас энэ нислэг болон 18.00 цагт нисэх байсан Улаанбаатар-Бээжингийн нислэг хойшлоход хүрсэн байна.
Нислэг саатсанаар 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж, урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирчээ.
Хүний амь нас, аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой хамгийн эмзэг салбарт ийм хариуцлагагүй байдал гарч байгаа нь онцгой нөхцөл байдал гэж үзэх ёстой. Тиймээс байдлыг хэвийн болтол нислэгийг зогсоож, энэ хугацаанд гадны авиа компанитай гэрээ хэлэлцээ хийн онгоц түрээслэн, хуваарьт нислэгийг үргэлжлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.
Иргэний агаарын тээврийн салбар нь хүний амь настай холбоотой, хамгийн эмзэг салбар учир энд хариуцлагагүй байдал байх ёсгүй. Үүнийг газар авахуулалгүй цэг тавих ёстой. Төрийн өмчит бусад аж ахуйн нэгж, байгууллагад ч ийм хариуцлагагүй байдал гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд холбогдох албан тушаалтнуудад хатуу анхаарууллаа.
Нислэгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд :
• “МИАТ” ХК-ний Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгийг гүйцэтгүүлэхээр “Кореан Эйр” компаниас агаарын хөлөг түрээсээр авч 5 дугаар сарын 25-26-ны өдрийн нислэгийг нэгтгэн, Сөүлээс 17.35 цагт Улаанбаатарт бууж 21.30 цагт нисэхээр, Бээжингийн чиглэлийн нислэгийг 5 дугаар сарын 26-ны өдрийн 22.00 болон 22.30 цагт Улаанбаатараас нисгэх
• Нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс “Бойнг-737-800” хөлгийн техник үйлчилгээг хийж, нислэгт гаргах зөвшөөрөл олгох инженер, техникийн ажилтнуудыг эхний ээлжинд “Кореан Эйр” компаниас авах
• “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, “МИАТ” ХК-аас чөлөөлөгдсөн ажилтнуудыг аюулгүй байдлын хамгаалагдсан бүсэд нэвтрэхийг хориглох
• “МИАТ” ХК-ний Техникийн газрын ажлыг хэвийн горимд яаралтай оруулахын тулд шинэ удирдлагыг томилох, өргөдөл гаргасан инженер, техникийн ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тодруулах
• “МИАТ” ХК-ний Техникийн газрыг Европын иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжүүлсэн Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагтай асуудлыг нарийвчлан авч үзэх, тухайлбал Техникийн газрын даргад тавигдах шаардлага, техник үйлчилгээний дотоод хяналтын асуудлыг тодруулах зэрэг арга хэмжээг тус тус авчээ.
Мөн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо хуралдан “МИАТ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон байна. Шинээр сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь “МИАТ” ХК-ний гүйцэтгэх захирлаар Ц.Орхоныг томиллоо.