3.249.200 юань буюу 500 орчим сая төгрөг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Отгонбаяр, түүнээс авлига авсан гаалийн болон тагнуулын ажилтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэлээ. Тэрбээр уг мөнгийг хилээр гаргахын тулд 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Замын-Үүдийн гаалийн ажилтан Т.Рэгзэнд 500 мянга, маргааш нь улсын хилээр хууль бусаар их хэмжээний валют нэвтрүүлснийг мэдсэн Завхан аймгийн тагнуулын ажилтан Ц.Галсандамбад 17.1 сая төгрөг өгчээ.
Т.Рэгзэн авлига авснаар гаалийн бүрдүүлэлт хийлгүй дээрх мөнгийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж өгсөн байна. Улмаар Ц.Галсандамба Б.Отгонбаяртай уулзаж, хууль бус үйлдлийг нь илчлэхгүй байхаар авлига авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хийсэн шалгалтаар тог тоогдсон байна. Анхан шатны шүүхээс шүүг дэгч Б.Отгон баярыг онц их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзээд зургаан жил нэг сар, тагнуулын ажилтан Ц.Галсандамбад таван жил зургаан сар хорих ял оноожээ.
Түүнчлэн гаалийн байцаагч Т.Рэгзэнг 5.8 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Мөн дээрх хоёр хүний хахуульд авсан мөнгийг гаргуулан төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо мөрдөгдөж байгаа жур маар 20 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгийг улсын хилээр бэлнээр авч гарах боломжгүй, банкаар шилжүүлэх ёстой аж. Банкны зөвшөөрөлтэйгээр гаалийн мэдүүлэг бичээд гаргахад ямар нэг татвар шимтгэл төлдөггүй юм байна. Валютын ченж Б.Отгонбаяр дээрх их хэмжээний валютыг “Хил давуулан эргэлдүүлж, ханшийн зөрүүнээс ашиг олно” гэж тооцоолон авч яваад хоёр албан тушаалтанд авлига өгсөн аж.