УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд, “Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх”, “албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийхийг хориглоно” гэсэн заалт байдаг аж. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд Ёс зүйн дүрмийн эдгээр заалтыг төдийгүй УИХ-ын тухай хуулийн 37.1.3, 37.1.4 дүгээр заалтыг зөрчсөн гэж Ёс зүйн дэд хороо үзэж, мэдэгдэл гаргажээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай нарын гишүүнийг УИХын гишүүний Ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан,…бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх…”,“албан тушаалынхаа байдлыг ашиглаж… давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийх”-ийг хориглох тухай заалтыг зөрчсөн гэж Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан үзжээ.
Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн нэр хүнд, эрх мэдлээ ашиглан хэвлэл, мэдээлэл, бизнесийн зарим байгууллагын сурталчилгаанд тоглох болсон нь Ёс зүйн дүрэмтэйгээ зөрчилдөж байгаа юм. Ёс дүйн дэд хорооны мэдэгдэлд, “Монгол Улсын Их Хурлын зарим гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хууль бус сурталчилгаа хийх (реклам сурталчилгаанд оролцох гэх мэт) зэргээр төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд үл нийцэх үйлдэл хийж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй, олон нийт, сонгогч түмэнд таашаагдахгүй байна. Иймд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг чандлан сахиж, хууль дүрмээ өөрийн биеэр үлгэрлэн сахихыг УИХ-ын нийт гишүүдэд анхааруулж байна” гэжээ.