ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал Н.НаранОчир болон Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч хурандаа Д.Дарьзав нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгүүллээ. Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм байна.
Тус хэлтсийн албаны эх сурвалжаас генерал, хурандаа нарыг шалгах болсон үндэслэлийн талаар тодруулахад “Албан тушаалаа ашиглан эд хөрөнгө хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа” гэв.
ЗХЖШ-ынхан “Ар талын газрын дарга, бригадын генерал Н.Наран-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх тухай тушаал гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэхээс илүү мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бригадын гене рал Н.Наран-Очир ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байхдаа тушаал гаргаж, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн агуулахад хадгалагдаж байсан “Т-55” маркийн танкны актлагдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй хөдөлгүүрийг хурандаа Д.Дарьзавтай нийлж худалдахаар болжээ.
Уг хөдөлгүүрээ нэгэн алтны уурхайн эзэнд зах зээлийн үнээс хямд буюу 30 орчим сая төгрөгөөр худалдахаар тохирч, сар орчмын өмнө 016 дугаар ангиас авч гарсан аж. Улмаар Төв аймаг өнгөрөөд явж байхад нь ЗХЖШ-ын Хяналт шалгалтын газарт мэдээлэл ирснээр Ажлын хэсэг гаргасан байна. Н.НаранОчир, Д.Дарьзав нар хөдөлгүүр ачиж явсан хүмүүсийг яаралтай буцаж ирэхийг үүрэг болгосноор Ажлын хэсгийнхнийг очихоос 40-өөд минутын өмнө танкны хөдөлгүүрийг агуулахад буцаагаад хийсэн ажээ. Уг хөдөлгүүрийн зах зээлийн үнэлгээ нь 40 гаруй сая төгрөгөөр үнэлэгддэг юм байна.