Өнгөрсөн долоо хоногт дээрх дуулиант хэрэг гарахаас өмнө буюу гуравдугаар сарын 18-нд Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас гурван хүмүүжигч оргосон билээ. Тэдний нэг болох Х.Мягмаржавыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн 20.30 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүрний орчмоос баривчилсан талаар бид мэдээлсэн. Харин үлдсэн хоёр оргодлыг Ховд аймгийн Булган суманд гарсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэгт холбоотой байж болзошгүй, айлаар орж борц аваад гарсан хэмээн нутгийн иргэд мэдээлж байсан. Цагдаагийнхан ч тэд энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэл өгч байв.
Харин ШШГЕГ-ын харьяа 457 дугаар хорих ангийн ажилтнууд оргодлуудыг нэг их холдоогүй, 60 км-ийн радиуст байгаа хэмээж байсан юм. Цагдаагийн ажилтан амиа алдсан хэргийг шалгахаар нийслэлээс ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байх үед оргодол Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар хорих анги руугаа өөрсдөө очжээ. Тэд ангийнхаа хянагч болон удирдлагад “Бид цагдаагийн ажилтныг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй шүү” гэсээр очсон тухай эх сурвалж мэдээллээ.
Ял эдлэх хугацаа дуусахад 7-9 сар дутуу байсан Х.Мягмаржав, Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар хагас сар шахам оргон зугтсан билээ.
Г.РАВЖАА