Урин хаврын салхи үе үе сэвэлзэж, улирах цагийн аяс хавар, зуныг дохиолсон ч ойрын өдрүүд цаг агаарын хувьд ч, хүмүүсийн сэтгэл зүйд ч хүндхэн байлаа. Өвлөөс илүүтэй хаврын цас иргэдийн сэтгэлийг чилээхийн зэрэгцээ өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн хүндэрсэн эрүүгийн нөхцөл “Эх оронд минь юу болоод байна вэ” гэх айдсыг олон түмэнд төрүүлэв. Цагдаагийн байгууллагынхан төдийгүй хариуцсан яамныхан ч эрүүгийн нөхцөл хүндэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Нэг гэрийн зургаан хүнийг галдаж хөнөөсөн, ШШГЕГ-ын харьяа хорих ангид хоригдогч өөрийгөө галаар “хуй халсан” дуулиан намжаагүй байхад нэг гэрийн зургаан хүн бас л галын улмаас амиа алдсан, орон нутагт гэртээ амарч байсан дөрвөн настай хүүхэд ээжийнхээ хамт балмад этгээдийн гарт өртөн цаг бусаар хорвоогоос хальсан, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтныг насанд хүрээгүй гэмт этгээдүүд буудаж хөнөөсөн хэрэг шил шилээ даран гарч олныг хиртхийлгэв.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн түгшүүртэй өдрүүд лхагва гаригаас өчигдрийг хүртэл үргэлжиллээ. Ховд аймгийн Булган суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт томилогдож очоод хоёр сар гаруйхан болж байсан 20 настай дэд ахлагч залуу амар хялбар аргаар мөнгө олох гэсэн балмад этгээдүүдийн халдлагад өртөн, амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Ааваа гэж дуудах үртэй болж амжаагүй, ээжийнхээ халуун дулаан хайранд өлгийдүүлж байгаад эх орондоо тангараг өргөснөөс хойш яг гурван сар болох гэж байсан цагдааг хөнөөсөн этгээдүүдийг мөшгисөн холбогдох албаныхан 72 цагийн дотор хэргийн сэжүүрээс атган, сэжигтнүүдийг баривчиллаа.Энэ хэргийг насанд хүрээгүй, Ховд аймгийн Булган сумын I дунд сургуулийн 9-11 дүгээр ангийн гурван сурагч хамтран үйлдсэнийг тогтоосон юм.
Дунд сургуулийн сурагчид ийм ноцтой хэрэг үйлдэж байгааг барууны адал явдалт киноны сөрөг нөлөө гэж дүгнэхээс аргагүй. Юутай ч Б.Төмөрчөдөрийн ар гэрт таван жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ЦЕГ-аас олгохоор болов. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар ийм арга хэмжээ авах эрх ЦЕГ-ын удирдлагад бий. Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу ар гэрт нь олгосон мөнгө нь 10 сая хүртэлх төгрөг байх нь. Аливаа жагсаал цуглаан, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагынхныг хамгийн түрүүнд дайчилдаг атлаа тэдний нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулдаг нь харалган бодлого гэлтэй. Тиймээс Цагдаагийн байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн хамгаалал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийнх нь хэмжээг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс, Хууль зүйн сайдын зүгээс дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.
Г.ЦОЛМОН