АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Чулуунбаатарын Баттуул гэдэг эмэгтэйд холбогдох хэргийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэв. Тэрбээр Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлсэн юм.
Ч.Баттуул Тайванийн технологийн их сургуульд сурч байхдаа англи хэлний багш Жон Мартин Кийнтэй танилцаж, тусламж дэмжлэг авч байсан гэх мэдээлэл ч байдаг. Уг хэрэгт холбогдуулан түүний найз Ж.Батчулуун гэх залуу, Б.Отгонбаяр гэдэг бүсгүйг яллагдагчаар татсан бөгөөд тэднийг онц хүнд гэмт хэргийг нуун далдалсан гэж буруутгаж буй.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Д.Ганзориг, С.Аюушжав, Б.Батболор, улсын яллагч Б.Эрхэмбаяр, шүүгдэгчдийн өмгөөлөгч К.Бауржан, А.Ариунтуул, Л.Данзанноров, хохирогчийн өмгөөлөгч Б.Сэнгээ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хурлаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа.
Шүүгчид хэлэлцүүлгийн үеэр зарим зүйлийг тогтоох боломжгүй байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийх нь зүйтэй гэж үзсэн юм.