Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэд УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн штабт ажиллаж байхдаа Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн найман иргэнд “Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж гэрээ байгуулж, хүн тус бүрт 100 мянган төгрөг өгсөн хэрэгт холбогдсон юм.
Тэдэнд хууль хяналтын байгууллагаас иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь санал худалдаж авах аргаар саад хийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ял оноосон. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг ялыг хэвээр үлдээв. Мөн энэ хурлаар Ш.Чинбат, Я.Баттогтох нарт холбогдох мөнгө тараасан хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Я.Баттогтох, Ш.Чинбат нар мөн л МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилс үрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн штабт ажиллах явцдаа Увс аймгийн Өмнөговь сумын есөн оюутны гэрийг сонгуулийн сурталчилгааны байрны зориулалтаар түрээслэх хуурамч гэрээ хийж, тус бүрт нь 150 мянган төгрөг өгсөн нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн шалгалтаар тогтоогдсон юм. Тэднийг иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж шүүх үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон бөгөөд Улсын Дээд шүүх уг ялыг мөн хэвээр үлдээлээ.
Г.ЦОЛМОН