Сонгинохайрхан дүүргийн нутагт өчигдөр үүрээр таван ханатай гэр шатаж, гэрийн эзэд болон 0-5 настай гурван хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тус дүүргийн 21 дүгээр хороо, төмөр замын 361 дүгээр гарам, Жаргалант тосгоны урд амьдардаг айлын гэр шатаж буй тухай дуудлага 05.40 цагийн үед Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд ирсэн аж. Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид очиход гэр шатаад дуусаж байжээ.
Жаргалант тосгон хүртэл багагүй хугацаа шаарддаг тул гал сөнөөгчид долоон хүний амь насыг аварч чадсангүй. Гал гарах үед гэрийн эзэн 29 настай Э, эзэгтэй 30 настай Б, тэдний хүүхдүүд байсан аж. Мөн гэрийн эзний ах, эгч болох 40 гаруй настай Г, Н нар байсан гэнэ. Өчигдөр 15.00 цагийн үед авсан мэдээллээр, хэргийн газрын үзлэг хийж дуусаагүй байсан бөгөөд цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлэв.