Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр шийдвэрлүүлэхийн өмнөхөн галд өртөн хүнд гэмтсэн “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварын түлэгдсэн шалтгааныг Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчид тогтоожээ. Шинжээчид “Тусгаарлах өрөөнд гарсан галын байдал, шаталтын явцыг харахад ил гал гарчээ. Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг ордог. Галын голомт нь өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон ханын хэсэгт байжээ.
Өрөөний гэрэлтүүлэг ханандаа бэхлэгдсэн, зузаан шилэн бүрхүүлтэй, гал гарсны дараа ч хэвийн ажиллаж байна. Мөн хяналтын камерын утсыг далд монтажаар хийсэн учраас ил гал авалцах боломжгүй тул хорих өрөөнд гарсан гал нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй” гэж дүгнэжээ. Эндээс үзэхэд, Бааварын ар гэрийнхэн болон зарим хэвлэлээр мэдээлж байгаачлан “Цахилгааны утаснаас оч үсэрч, өрөөнд гал гарсан” гэдэг нь үндэслэлгүй аж. Харин хэн нэгэн санаатайгаар гал тавьсан байх магадлалтай. Бусад хоригдогчтойгоо зүй бус харилцаж байсан Ш.Батбаярыг тусгаарлах өрөөнд оруулахдаа үзлэг, нэгжлэг дутуу хийсэн гэж ШШГЕГ-ын Ажлын хэсгийнхэн ажилтнууддаа арга хэмжээ авсан нь хууль, журамд нийцсэн арга хэмжээ байж.
Хамт хоригдож байсан хүмүүс нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудад “Баавар цэнхэр өнгийн “Оригиналь асаагуур” гэсэн бичигтэй асаагуур авч явдаг байсан. Түүгээрээ ариун цэврийн цаас шатаадаг байсан” гэж мэдүүлжээ. Гал гарсны дараа Цагдан хорих төвийн ажилтнууд Бааварын өрөөний гаднаас цэнхэр өнгийн асаагуур олсон тухай тэмдэглэсэн аж. Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр Ш.Батбаяр нарын гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгчдэгч Ш.Батбаярыг шүүх хуралд оролцох нөхцөл боломжоор хангах үүднээс биеийг нь сайжиртал хурлын тов зарлахг үй байхаар тогтжээ. Харин хэрэгт хяналт тавьж буй прокурор хэргийг нь тусгаарлаж шийдвэрлэх санал гаргасан ч шүүгчид хүлээж аваагүй юм.
Г.РАВЖАА