Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа жирийн дэглэмтэй хорих 457 дугаар ангиас гурван хүмүүжигч өнгөрсөн сарын 18- нд оргосон талаар бид мэдээлсэн. Оргодлууд сүүлийн хоёр жил ангийн байрны гадна уурын зуухны галчаар ажиллаж байсан аж. Тэднийг орон даяар эрэн сурвалжилж, ЭЦГ-аас хүч нэмэгдүүлэн хайж буй юм. Уржигдар 20.30 цагийн үед Увс аймгийн Тариалан суманд төрсөн, хулгайн хэргээр ял шийтгүүлсэн Хөтөөгийн Мягмаржав гэдэг залууг баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шурагийн гүүр гэдэг газарт явж байгаад ШШГЕГ-ын эрлийн бүлгийнхэнд саатуулагдсан байна. Оргодол баригдсаныхаа дараа “Бид ангийн байрлалаас холдсоныхоо дараа салж явсан, нөгөө хоёрыгоо хаачсаныг мэдэхгүй. Би гэр рүүгээ явж байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Тэрбээр замдаа гэмт хэрэг үйлдээгүй хэмээн тайлбарлаж буй ч орон нутгийн Цагдаагийн газрын ажилтнууд түүнд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар бүлэглэн оргосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин Ц.Батбаяр, А.Отгонбаяр нарыг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, оргодлууд гурав хоногийн өмнө салсан бөгөөд Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар нь Сарьдагийн нуруу руу явсан гэнэ.
Г.ЦОЛМОН