Монгол Улсын иргэн, зургаан настай С.Амарбаясгалан хүү БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд харгалзах хүнгүй, ганцаараа үлдсэн байсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ мэдээлэл уржигдар Гадаад харилцааны яаманд ирсний дагуу Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ныхан хүүхдийн ар гэрийнхэнтэй холбоо барьж чадсан байна.
Хүүгийн эцэг Соронзонболд тус яамны холбогдох албаныханд уржигдар өргөдөл гаргасны дагуу С.Амарбаясгалан хүүг тухайн өдрийн “Кореан Эйр” компанийн оройн нислэгээр Монгол Улсад буцаан ирүүлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд “Сөүл дэх Консулын газрынханд хүүг эхний нислэгээр Монгол руу ирүүлэх үүрэг өглөө” хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн нь худал үг биш байжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд С.Амарбаясгаланг эмчийн үзлэгт оруулж, хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөв.
О.Бат -Ундрах