Монгол Улсын иргэн, зургаан настай Соронзонболдын Амарбаясгалан гэх хүү харгалзах хүнгүйгээр БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буусан тухай мэдээлэл цахим ертөнцөд өчигдөр шуугиан тарив.
Хил, гаалийнхан яагаад бяцхан хүүг хилээр нэвтрүүлсэн, эсвэл хэнтэй хамт явж байгаад орхигдсон гэдгийг холбогдох албаныхан шалгаж байгаа тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тайлбарласан. Тэрбээр “Хүү өнөөдөр (өчигдөр) “Korean air” компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр Монголоос БНСУ-ыг зорьсон болохыг албаныхан тогтоосон.
Бид хүүгийн эцэг, эхтэй ч холбогдсон. “Гараас гарт” үйлчилгээ гэдэг нь тухайн нислэг үйлдэж байгаа авиа компанитай гэрээ хийгээд, итгэмжлэл гаргаж өгсний дагуу хил давуулж, очих газар нь хүргэх үйлчилгээ юм. Хүүгийн ээж бичиг баримтыг нь бүрдүүлж, итгэмжлэл гаргаж өгсөн баримт материалыг бид шалгасан. Тэд хүүг Фижид байдаг нагац эгчид нь хүргэж өгөх ёстой. Одоо хүү Фижи рүү явахаар дараагийн нислэгээ хүлээж байгаа. Тэнд буунгуут нагац эгч нь тосож авна” хэмээжээ.
Харин Гадаад харилцааны сайд Л.Болд “БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яаманд үүрэг өгч ажиллаж байна” гэснээ дараахан нь “Сөүл дэх Консулын газрынханд Амарбаясгалан хүүг эхний нислэгээр Монгол руу буцаан ирүүлэх үүрэг өглөө” хэмээн жиргэсэн байх юм. Хоёр сайдын хэн нь бодитой зүйл яриад байгааг мэдэхэд бэрх. Х.Тэмүүжин сайдын үг үнэн байлаа ч зургаахан настай бүлтгэнэсэн хүүхдээ “Гараас гарт” гэх үйлчилгээнд итгэн харьд мордуулж байдаг мундаг бөх зүрхтэй аав, ээж байдаг аа. Ямар сайндаа л хүүгийн төлөө санаа зовсон монголчууд твиттер, фэйсбүүкээр янз бүрийн мэдээлэл үлдээсний дотор “Амарбаясгалангийн аав Соронзонболдыг олж, энэ талаар тодруулахад хүүгээ гадаад явсныг мэдээгүй байв”. “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст саяхан алга болсон гэж бүртгэгдсэн хүүгийн зурагтай тун ижилхэн юм”, “Мэдүүлэг бөглөсөн хүний бичиг нь солонгос хүнийх байна” гэх мэт ноцтой зүйлүүд байв. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад сураггүй болсон хүү нь дээрх хүүхэд биш, зургаан настай Ж гэдгийг хэллээ.
Л.ГАНЧИМЭГ