Өнгөрсөн ням гаригт Украины Дээд Рада буюу Парламентын сонгууль боллоо. Санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сонгуулийн нэгдсэн дүнг энэ сарын 31-нд зарлах гэнэ. Саналын хуудсын 20 хувийг тоолсон байдлаар, эрх баригч “Бүс нутгийн нам” 37.5 хувь, сөрөг хүчний “Батькивщина” 20 хувь, “Удар” 17, Коммунист нам 16 хувийн санал авсан байна. Таван хувийн босгыг хэт барууны намынхан давжээ. Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдсан бөгөөд Парламентын 450 гишүүний талыг нь пропорциональ, талыг нь мажоритар системээр сонгох юм.
Сонгуулийн нэгдсэн дүн гараагүй байгаа ч сөрөг хүчнийхэн эрх баригч намд нэлээн том өрсөлдөгч болно хэмээн ажиглагчид таамаглаж байна. ОХУ-ын “Коммерсант” сэтгүүлд мэдээлснээр, энэ сонгууль Ерөнхийлөгч В.Януковичийн талынханд сайн юм юу ч авчрахгүй гэнэ. Сөрөг хүчний “Батькивщина” нам, боксчин Виталий Кличкогийн “Удар” намынхан ажиглагчдын таамаглаж байснаас илүү санал авч буй учир эрх баригчид аль намтай эвсэл байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.
Сонгуулийн өмнөхөн украинчуудын дунд явуулсан санал асуулгаар хамгийн нэр хүндтэй улс төрчийг шалгаруулахад, Виктор Янукович 22.8, Виталий Кличко 19, Юлия Тимошенко 16, Петр Симоненко ес, Арсений Яценюк таван хувийн рейтингтэй байсан нь ч эрх баригчдын хувьд “түгшүүрийн дохио” байсан аж.
Х.ОД