Хүний эрхийг хамгаалахын төлөө үйлсэд гавьяа байгуулсан хүмүүст олгодог Зөвлөлтийн физикч, нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Ираны кино найруулагч Жафар Панахи, хуульч Насрин Сотудех нарт олгохоор шийдвэрлэжээ. Тэдэнд шагналыг дагалддаг 50 мянган еврог хуваан олгох гэнэ.
Евро парламентын мэдэгдэж буйгаар, энэ оны шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын панк хамтлаг “Pussy Riot” багтсан байна. Ж.Панахи нь Ираны эрх баригчид, нийгмийн тогтолцоог шүүмжилсэн кино хийснийхээ төлөө уран бүтээл хийх эрхээ 20 жилээр хасуулж, зургаан жилийн хорих ял сонссон бөгөөд өдгөө шоронд хоригдож буй.
Н.Сотудех нь мөн эрх баригчид, Засгийн газрын бодлого, олон нийтийн дунд тогтсон үзэлтэй санал нийлээгүй хүнийг өмгөөлж байгаад 2010 онд баривчлагдсан юм. Түүнийг “улсын аюулгүй байдалд заналхийлэх суртал ухуулга хийсэн” хэрэгт буруутгаж, 11 жилийн хорих ял оноожээ.
Дашрамд өгүүлэхэд, А.Сахаровын нэрэмжит шагналыг 1988 онд Европарламент үндэслэсэн бөгөөд өнгөрөгч онд уг шагналыг Арабын идэвхтнүүдэд олгосон билээ.