Арван дөрвөн настай пакистан охиныг боловсрол олж авахын төлөө тэмцсэнээс нь болж сурагчдын автобусан дотор нь буудаж, хүндээр шархдуулсан хэрэг гарсантай холбоотойгоор “Newsweek” сэтгүүлийн саяхны дугаарт “Оскар”-ын шагналт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли “Бид бүгдээрээ Малала” гэх нийтлэл бичсэнийг орчуулан хүргэе.
“The New York Times”-ын лхагва гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд “Сурах эрхийнхээ төлөө тэмцсэн охиныг талиб эр буудан хороов” нэртэй сурвалжлага гарсан байхыг олж харав. Энэ үйл явдлаас болж дунд сургуулийн сурагчид хичээлдээ суулгүйгээр эсэргүүцэл зарлаж байгаа тухай үүнд дурдсан байлаа.
Гэтэл талиб эр “Бид түүнд удаа дараа анхааруулсан ч тэр үл тоосон. Бидэнд үүнээс өөр сонголт байгаагүй” хэмээн охины толгойг цусаар будсаныхаа дараа хээв нэг мэдэгдэл хийсэн байгаа юм. Тэр сургуулийн автобусанд дайрч ороод “Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуугаад, Малала гэж хариулмагц нь толгой руу нь буудчихаж. Арван дөрвөн настай Малала Пакистаны охидын сурах эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг юм. Энэ нь талибуудын дургүйцлийг хүргэж, улмаар хэрэг явдал ийм дээрээ тулсан аж. Тэр өглөө нь Малала охины түүхийг би хүүхдүүдтэйгээ хуваалцав.
Сурах хүслийнхээ төлөө тэмцсэн эрэлхэг бяцхан охины өөдөөс зэрлэгээр буу шагайсан явдал хүүхдүүдийн маань ухаан санаанд багтаж өгөхгүй байгаа нь илт. Орой нь тэд намайг асуултаар булж гарав. Бид интернэтээр охины тухай мэдээлэл хайж, цахим өдрийн тэмдэглэлүүдийг нь уншиж, ярилцлагуудыг нь хамтдаа үзлээ. Малала 11 настайгаасаа эхлэн BBC-гийн цахим хуудаст блог хөтөлж, “Талибан”-ы түрэмгийллийн тухай, алчууран дотроо далдалсан номоо яаж нууцаар уншдаг, яагаад пакистан охид хөвгүүдээсээ бага боловсрол олж авдаг тухай гайхалтай түүхүүдийг хуваалцжээ. Найман настай хүү маань энэ түүхийг сонсоод Малалад зориулж хөшөө босгох хэрэгтэй гэв. Энэ хөшөө нь нууцаар ном уншиж болдог оромжтой байвал зүгээр аж. Харин зургаан настай охин маань Малала амьтан тэжээдэг байсан уу гэж надаас асуусан. Хэрэв тийм бол эмнэлэгт хэвтэх зуур тэднийг нь хэн асрах юм бэ хэмээн санаа нь ихэд зовниж байгаа бололтой ярьсан. Бас ээж, аав нь одоо уйлж байгаа байх даа гээд урвайв. Энэ бол зөвхөн тэдний охинд тохиосон эмгэнэлт түүх биш, дэлхийн өнцөг булан бүрт эрх нь зөрчигдөж буй хүүхэд бүрт хамаатай асуудал билээ. Малала охины аавыг би эчнээ танина. Тэр бол охидод ижил тэгш боловсрол олгох талаар тууштай тэмцэгч, багш, бас шүлэгч хүн.
Лхагва гаригийн өглөө пакистан хүүхдүүд Малалагийн зургийг барьж, эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулан, сургууль дотроо охины төлөө залбирцгаажээ. Хүү маань охины төлөө маш их санаа зовж байгаа. Гэвч энэ бол санаа зовоод өнгөрөх төдий биш, дэлхий нийтээр охины зөв гэдгийг ухаарч, түүнийг дэмжвэл хамгийн үр дүнтэй гэдгийг түүнд би хэлсэн. Малалагийн зориг Пакистан улсын боловсролын салбарт бүх нийтийн анхаарлыг хандуулж, бусад хүнд ч эергээр нөлөөлж эхэлсэн нь сайшаалтай. Гэвч энэ бүхний төлөөнөө бяцхан охин асар их хохирол амссан нь харамсалтай. Хүү минь надаас “Малалаг буудах нь тэдэнд ямар ашигтай байсан юм бэ” гэж асуухад нь би “Боловсрол бол маш хүчтэй зүйл” гэж хариулсан. Учир нь талибууд пакистан охид хөвгүүдтэй ижилхэн мэдлэг, боловсролтой болчихвол тэдний хяналтаас гарна гэж эмээцгээдэг юм.
Талиб эр эл хэрэг явдлын дараа “Ахиад хичээлдээ яваад үзээрэй л дээ” хэмээн эрээ цээргүй сүрдүүлжээ. Тийм ээ, ахиад хичээлдээ явах хэрэгтэй шүү, Малала. Битгий бууж өгөөрэй. Яагаад гэвэл сурч мэдэх нь хүний үндсэн эрх. Энэ нь тэдний үндсэн эрх учраас пакистан охид “Би бол Малала” гэж хэлж, эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан байна. Дэлхийн өнцөг булан бүрт буй ээжүүд болон багш нар хүүхдүүддээ Малалагийн түүхийг ярьж, тэдний зүрх сэтгэлийг нэгтгэж эхэлсэн нь сайн хэрэг. Мөнөөх увайгүй явдал энэ орны боловсролын салбарт хувьсгал эхлүүллээ. Хичээлийн танхимаас эхлээд гал тогооны өрөө хүртэл дэлхийн эхчүүд, аавууд, хөвгүүд, охид Малалагийн төлөө залбирч, түүний эхлүүлсэн үйлсийг бамбар адил буухиалаасай гэж уриалж байна.
МАЛАЛА ГЭЖ ХЭН БЭ
Малала Юсавзай 1997 оны долоодугаар сарын 12-нд Пакистаны Мингора хэмээх газар төрсөн. Тэрбээр боловсрол болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг бөгөөд үүнээс нь болж талибууд охиныг сургуульд явахыг хориглосон. Малала 2009 оноос BBC-гээр дамжуулан охидын боловсрол олж авах эрхийн талаарх өөрийн бодол, Пакистан дахь бодит байдлын тухай нийтлэл бичиж буй. Тухайн жил нь “New York times” охины амьдралын талаар баримтат нэвтрүүлэг хийж байв.
Тэрбээр Дэсмонд Тутугийн нэрэмжит Олон улсын хүүхдийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан бөгөөд Пакистаны Үндэсний залуучуудын энхтайвны шагналтан.
Энэ оны аравдугаар сарын 9-нд хичээлээсээ тарж явсан охиныг сургуулийн автобусанд нь буудаж хүндээр шархдуулсан хэрэг гарсан бөгөөд Малала одоо Их Британид эмчлүүлж байгаа.
Энэ сарын 12-нд Исламын 50 хувраг гэмт этгээдийн үйлдлийг эсэргүүцэн жагссан бол үүнтэй давхцан талибууд Малалагийн аав Зиауддиныг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн байна. “Эцэгт нь бид олон удаа сануулж байгаа. Гэвч тэр охинтойгоо адил тэнэг бололтой. Тэд хоёул бидний хараанд өртөж, “үхлийн жагсаалт”-д багтсан. Учир нь, тэд өөрсдөө л галаар наадаж байна” хэмээн талибчууд мэдэгджээ. Талибууд мөн “Исламын шашин болоод шашны ариун зүтгэлтнүүдийн эсрэг тэмцэж буй хэнийг ч хороож болно гэж “Коран” сударт бичсэн байдаг. Шариатын хуулинд ч хэрэв бага насны хүүхэд Исламын шашны эсрэг босвол хөнөөхийг зөвшөөрсөн байдаг” хэмээн өөрсдийгөө зөвтгөсөн байна.
МАЛАЛАГИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2009 оны нэгдүгээр сарын 3
Урьд шөнө би аймшигтай зүүд зүүдэлсэн. Талибууд нисдэг тэргээр намайг хөөж байна гэж зүүдлээд цочиж сэрэв. Би сургуульдаа явна гэхээс улам л эмээх боллоо. Учир нь талибууд охидыг сургуульд явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин би намайг хөөх хүртэл нь сургууль руугаа очно гэж бодож байгаа ч энэ бодлоосоо болж үе үе эмээх юм. Манай анги 27 сурагчтай боловч одоо 11 хүүхэд л хичээлдээ сууж байгаа. Тэдний гурав нь охин, найм нь хөвгүүн. Бид гурвыг удахгүй сургуулиас хөөнө гэдгийг төсөөлөх надад таагүй байна.
Сургуулиасаа тараад гэр рүүгээ харих замд нэг ах над руу “Ална шүү” гэж хашгирах шиг болсон. Би эргэж харалгүйгээр хурдан хурдан алхсаар нэлээд холдсон хойноо хартал, тэр ах утсаар ярьж байсан юм билээ. Гэхдээ л надаас айдас салахгүй байна.
2009 оны гуравдугаар сарын 3
Би шинэ мөрөөдөлтэй болсон. Том болоод мундаг улстөрч болж, улсдаа энхтайвныг цогцлооно. Пакистанд хүчирхийлэл газар авч байгаа нь миний санааг зовоох болсоор удав. Би энэ бүхнийг зогсоож чадна.
2012 оны есдүгээр сарын 26
Хэрэв талибууд намайг алахаар ирвэл би тэдэнд буруу зүйлийн төлөө тэмцээд байгааг нь хэлэх болно. Учир нь сурч, боловсрох нь хүний үндсэн эрх шүү дээ. Үүнийг хэн ч хориглож дийлэхгүй.
(Хэрэг гарахаас өмнө ийн бичиж байсан бөгөөд түүнийг урьд нь сүрдүүлж байсан бололтой)