Энэ сарын 1-нд Гүржид болсон сонгуулиар сонгогдсон шинэ Парламентын анхны чуулган Кутаисид эхэллээ. Урьд сөрөг хүчин байсан “Гүржийн мөрөөдөл” намынхны олонхоос бүрдсэн Парламент Ерөнхийлөгч Михаил Саакашвилид хүндэтгэл үзүүлсэнгүй. Төрийн тэргүүн хурлын танхимд орж ирэхэд Парламентын гишүүд босоогүй, мөн алга ташсангүй. Түүгээр ч зогсохгүй М.Саакашвили Парламентын чуулганыг нээж, үг хэлсний дараа ч гишүүд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй хэмээн “Интерфакс” мэдээлжээ.
М.Саакашвили болон түүний намын бодлогыг эсэргүүцэж буйгаа “Гүржийн мөрөөдөл”-ийн гишүүд ийн илэрхийлж байна хэмээн ажиглагчид онцлов. М.Саакашвилийн нам “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-өөс Парламентад орсон гишүүд хамтран зүтгэгчдэдээ хандан, Төрийн тэргүүндээ хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ. Парламентын чуулганыг нээж хэлсэн үгэндээ М.Саакашвили “Ардчилсан өөрчлөлт бол Гүржийн ард түмний хийх ёстой зүйлийн нэг. Өмнө нь сөрөг хүчин байсан нам одоо эрх барьж байна.
Цаашид энэ байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах нь бидний хувьд хамгийн чухал асуудал байх ёстой” хэмээн онцолжээ. Түүний сацуу “Гүржийн мөрөөдөл” намын тэргүүн, тэрбумтан Бизина Иванишвилийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээ М.Саакашвили мэдэгдлээ.