Их Британийн төсөв танах төлөвлөгөөг эсэргүүцсэн 100 мянган хүн Лондонд жагслаа. Зүүний бүлэглэлүүд, үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан эл жагсаалд оролцогчид “Төсөв танах шаардлагагүй”, “Д.Кэмерон Британийг үгүй хийж байна” гэсэн лоозон барьжээ. Тэдний үзэж буйгаар, төсөв танах төлөвлөгөө нь нийгмийн элитийн ашиг сонирхолд л нийцсэн, бусад иргэний эрхэд заналхийлсэн алхам гэнэ.
Эсэргүүцлийн арга хэмжээ ерөнхийдөө тайван болж өнгөрсөн ч олон нийтийн хэв журам зөрчсөн хэд хэдэн тохиолдол гарсан хэмээн цагдаагийнхан мэдэгдэж буй. Үүний сацуу Умард Ирландын Белфаст, Шотландын Глазго зэрэг томоохон хотод эсэргүүцлийн арга хэмжээ болсон байна. Сүүлийн дөрвөн жилд Их Британийн улсын өр ДНБ-ий 45 хувиас 66 хувьтай тэнцэх хэмжээний болтлоо нэмэгдсэн билээ.
Мөн энэ оны эхний найман сарын байдлаар эдийн засгийнх нь өсөлт буурах хандлагатай болсонтой холбогдуулан Засгийн газар төсвийн зардлыг багасгах төлөвлөгөө гаргасан юм.
Х.ОД