Ливийн лидер асан Муаммар Каддафийн амь үрэгдсэний нэг жилийн ой (2011 оны аравдугаар сарын 20)-н өмнө олон улсын хүний эрхийг хамгаалах “Human rights watch” байгууллага хувьсгалчдын араатан мэт авирласныг гэрчлэх шинэ баримтуудыг дэлгэлээ.
“Дарангуйлагчийн үхэл: Сирт дэх цусан өшөө авалт” нэртэй, 50 хуудас бүхий илтгэлд Жамахирийн тэргүүн, түүний хөвгүүн Мутассим хийгээд Ливийн экс удирдагчийн талын 60 гаруй хүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгах амлалтаа Ливийн эрх баригчид биелүүлээгүйг тэмдэглэжээ.
HRW байгууллагын уг мэдээллээр бол, Каддафи, түүнийг дагалдсан 50 орчим автомашины цуваанд явсан хүмүүсийг олзолсны дараа хэрцгийлэн тамлан зовоосон байна. Дарангуйлагчтай хамт баривчлагдсан 66 хүнийг дараа нь цаазалсан бол, Каддафийн хүү Мутассимийг Сиртээс Мисратад авчирч хороожээ.
М.Каддафи буудалцааны үеэр суманд тохиолдлоор оногдон, үүнээсээ болж нас барсан гэх мэдэгдлийг Ливийн шинэ эрх баригчид хийсэн билээ. Гэвч хүний эрхийг хамгаалагчдын хийсэн бие даасан мөрдөн шалгалт дээрх тайлбарт эргэлзэхэд хүргэж байна гэдгийг HRW-ын Онцгой нөхцөл байдлын асуудлаарх захирал Питер Букэерт онцолжээ. Хурандаа Каддафийн дэглэмийг эсэргүүцсэн босогчид дайснаа санаатайгаар үгүй хийснийг илтгэх ноцтой баримтын нэг нь гар утасны камераар хийсэн видео бичлэг байна. Олзны хүмүүсийг бетонон ханын өмнө асууж байцаах зуураа зодож цохин, доромжлон басамжилж, Сирт дэх “Махари” зочид буудлын орчим буудан хороожээ.
Олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд олзлогдсон хүмүүсийг хороохыг цэргийн гэмт хэрэгт тооцдог. Тиймээс Ливийн эрх баригчид дээрх хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутныг олж шийтгэх үүргээ биелүүлэх учиртай. 2011 оны аравдугаар сарын 20-нд Каддафийн олзлогдсон газраас холгүй HRW-ын бүлэг байрлаж байсан аж. Босогчдод бүслэгдсэн Сирт хотоос дутаахыг оролдох үедээ М.Каддафийн талынхны автомашины цуваа НАТО-гийн агаарын хүчний бөмбөгдөлтөд өртөн олзлогдсон юм. HRW-ын цуглуулсан видео материалууд Каддафи, Мутассим нар олзлогдох үедээ амьд байсныг нотолж байна.
Босогчидтой тулгаран эсэргүүцэл үзүүлэх үеэр хувийн бие хамгаалагчдынх нь шидсэн гар бөмбөгний хэлтэрхий Каддафийн толгойд тусч, хүнд шархдан, цус алдсан байдалтай хувьсгалчдын гарт оржээ. Каддафийн хүү Мутассимийг Мисратад хүргэсний дараа байцаалт авах үеэр тэрбээр тамхи татаж, ус ууж байгаа нь бичлэгт үлджээ. Харин орой нь хоолойд нь шинэхэн шарх үүссэн түүний цогцсыг ард түмэнд үзүүлсэн аж.