АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ)-ны Манхэттен дахь салбарыг дэлбэлэхийг завдсан орон нутгийн оршин суугчийг Нью-Йоркт баривчилсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Холбооны мөрдөх товчоо болон хотын цагдаагийн газрын хамтран явуулсан өгөөш үмхүүлэх ажиллагааны дүнд Бангладешийн харьяат, 21 настай Каузи Мохамед Нафисийг саатуулан шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтаас үзвэл, К.Нафисийн “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой болох нь тогтоогдож байгаа аж.
Тэрбээр лхагва гаригийн өглөө Liberty- 3 гудамжинд байрлах, Төвбанкны дээрх салбарын барилгын дэргэд автомашинаа үлдээгээд, гар утасны тусламжтайгаар алсын удирдлагаар дэлбэлэх гэж байгаад баригджээ. Түүний автомашиндаа авч явсан тэсрэх бодисын хэмжээг 450 кгаас доошгүй гэж хууль сахиулагчид тодорхойлов. Манхэттен дахь тус банк нь 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын улмаас сүйрсэн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн байршлаас холгүй юм байна.
Дэлбэрэх бодисыг бангладеш залуу гурван сар орчмын өмнө интернэтээр танилцсан танилаасаа олж авчээ. Уг танил нь ХМТны нууц ажилтан байсан юмсанж. Алан хядагч анхлаад Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалтны аминд хүрэх, эсбөгөөс Нью-Йоркийн Хөрөнгийн биржид дэлбэрэлт зохион байгуулах бодолтой байснаа хүлээжээ. Энэ бүхнийг тэрбээр ганцаараа үйлдэхээр төлөвлөж байжээ. Нью-Йоркийн Куинс дүүрэгт сүүлийн саруудад амьдарсан дээрх залуу халдлага үйлдэхийн өмнө хийлгэсэн видео бичлэг, захидалдаа “Америкийг устгах” хүслээ илэрхийлсэн байгаа гэнэ. К.Нафис АНУ-д энэ оны нэгдүгээр сард оюутны визээр нэвтэрчээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр, К.Нафист “Аль-Каида”-д туслалцаа үзүүлж, үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Х.ЭНХ