АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни нар сонгуулийн өмнөх хоёр дахь мэтгэлцээнд мягмар гаригт халз тулан, улс төр, эдийн засаг, түүний дотор эрчим хүчний бодлого, цалин хөлс, албан татвартай холбогдох сэдвээр яриа өрнүүллээ. ВВС мэдээлснээр, 90 минут үргэлжилсэн энэ удаагийн халз “тулаан”-д одоогийн Ерөнхийлөгч Б.Обама өрсөлдөгчөө буулгаж авч чаджээ. Тэрбээр анхны халз “тулаан”-д М.Ромнигоос доогуур үнэлгээ авсан юм. Нью-Йоркийн ЛонгАйленд дахь Хофстрагийн их сургуульд болсон мэтгэлцээнийг тэдний хэнд нь саналаа өгөхөө хараахан шийдээгүй байгаа 80 сонгогч нүдээр үзэж, сонирхсон асуултдаа хариулт авчээ.
Үзэгчдийн өмнө зассан тайзан дээр нэр дэвшигчид чөлөөтэй алхангаа ярьж, нэг ёсондоо тэрхүү сонгогчидтой амьд харилцаа үүсгэх оролдлого тавив. Цагаан ордны тэргүүнээр хоёр дахиа сонгогдохоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Обама ирэх сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөөтэй хэмээн үзэж буй есөн мужид өрсөлдөгчөөсөө бага ч болов саналаар илүүрхэх, энэ чансаагаа хадгалж сонгуультай золгох оролдлого хийж байгаа билээ. CNN телекомпанийн сэтгүүлч Кэнди Кроули хоёр дахь халз мэтгэлцээнийг хөтлөх явцдаа үе үе нэр дэвшигчийн яриаг тасалж, дүрэм журам сахиулахад хүрсэн байна. Эрчим хүчний талаарх бодлого нэр дэвшигчдийн дун дах хамгийн халуухан сэдэв байлаа.
Б.Обамаг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших дөрвөн жилд шатахууны үнэ хоёр дахин өссөнийг М.Ромни цохон дурдахад, Б.Обама “2009 оны эхээр эдийн засаг хямралд орсон нь үүний гол шалтгаан” гэж тайлбарлажээ. Мэтгэлцээн өрнөхийн хэрээр нэр дэвшигчдийн аль аль нь Америкийн дундаж давхаргынханд хандсан, тэднийг байлдан дагуулах оролдлогыг давтсан аж. Тухайлбал Б.Обама өнгөрсөн дөрвөн жилд дундаж давхаргын гэр бүл, жижиг бизнес эрхлэгчдэд ногдох татварыг бууруулах бодлого баримталснаа илэрхийлжээ. Тэгэхдээ АНУ төсвийн алдагдлаа үнэхээр багасгая гэж бодож байгаа бол иргэдийн чинээлэг хэсэг нь арай илүүг татварт өгөхөөс өөр замгүй гэж үзэж буйгаа дахин мэдэгдлээ. Ливи дэх Консулын газар руу өнгөрөгч сард хийсэн дайралтын үеэр АНУ-ын дөрвөн иргэн амь үрэгдсэн хэрэг явдалтай холбоотой яриа өрнөхөд халдлагын маргааш нь Б.Обама Лас-Вегаст хандив цуглуулах ажил хөөцөлдөж явсан хэмээн өрсөлдөгч нь дайралт хийв. Бас энэ нь террорист халдлага мөн байсан эсэх талаар Б.Обамагийн засаг захиргаа америкчуудад эхэндээ буруу ойлголт төрүүлсэн гэж шүүмжиллээ.
Харин Ерөнхийлөгч Ливи дэх дипломат төлөөлөгчийн байр дэлбэрсний дараахан М.Ромнигийн сонгуулийн штаб хэвлэлийн мэдээ тараан, үндэстний эмгэнэлийг улс төрийн хожоо олох хэрэгсэл болгох гэж оролдсон хэмээн зэмлэсэн байна. CNN-ийн явуулсан санал асуулгын дүнгээр, мэтгэлцээний дараа үзэгчдийн 46 хувь Ерөнхийлөгчид, 39 хувь нь М.Ромнид саналаа өгчээ. Тус телесувгийн хөтлөгч Пирс Морган энэ тухай Твиттертээ бичив. Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхэд Ромни илүү тохирох нэр дэвшигч гэж үзэгчдийн 58 хувь, Обамаг үүнд ахиц гаргана гэж 40 хувь нь үзлээ. Б.Обама, М.Ромни нар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээний салхийг хагалсны дараа удаах учраа Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнх байлаа. Жо Байден, Пол Райан нарын “тулаан”-ы дүнг ажиглагчид “тэнцсэн” гэж дүгнэсэн юм. Нийт гурван удаагийн мэтгэлцээний дүнгээр, АН, БНН-ын тооны харьцаа 1:1 боллоо. Сүүлчийн буюу шийдвэрлэх “дуэль”-ийг энэ сарын 22-ны даваа гаригт Флорида муж улсын БокаРэтонд хийхээр товлосон.
Х.ЭНХ