Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг түр хугацаагаар ч болов цуцлах буюу сулруулахгүй бол Ормузын хоолойд экологийн гамшиг тарина хэмээн тус улсын Лалын хувьсгалт хамгаалагчдын корпусын командлагч Мохаммад Али Жафари мэдэгдлээ. ХБНГУ-ын “Spiegel” сэтгүүл мэдээлснээр, иранчууд Ормузын хоолойн эргийн хавцлаас нефть тээвэрлэгч унагахаар төлөвлөж байгаа гэнэ.
“Бохир ус” хэмээх уг ажиллагааны төлөвлөгөөгөөр бол, Ормузын хоолойн усыг бохирдуулснаар Өрнөд болон Арабын орнууд түүнийг цэвэрлэхийн тулд Ираны эсрэг хоригоо сулруулах, эсвэл цуцлахад хүрэх гэнэ. Усанд асгарсан нефтийг цэвэрлэхийн тулд Иранаас техникийн тусламж авах хэрэгтэй аж. Барууныхны тагнуулын албаны мэдээлснээр, уг төлөвлөгөөг Ираны аятолла Али Хаменеи дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Өчигдөр Люксембургт эхэлсэн Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганаар Ираны эсрэг шинэ хориг тавих асуудлыг хэлэлцжээ.
Х.ОД