Москвагаас Дамаск хүрэх замд нь лхагва гаригийн орой Туркийн сөнөөгч онгоцуудын саатуулсан Сирийн иргэний агаарын тээврийн онгоцонд үнэхээр цэргийн ачаа байсан гэнэ. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэргүй эх сурвалжаас иш татан шуугисан дээрх мэдээллийг Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган албан ёсоор нотоллоо.
ОХУ-ын компанид үйлдвэрлэсэн байлдааны зэвсэг хэрэгсэл, тоног төхөөрөмж “Syrian air” компанийн “А-320” аэробусанд илэрсэн агаад ачааг Туркийн мэргэжилтнүүд шалгаж хараахан дуусаагүй байна. “Ачааг хэн илгээсэн, хүлээн авагч нь хэн болох нь холбогдох бичиг барим тыг шалгасны эцэст тодорхой болсон. Зэвсэг үйлдвэрлэдэг Туркийн механик, химийн үйлдвэрлэлийн корпорацтай дүйж очихуйц Оросын үйлдвэрээс дээрх ачааг хүлээж авсан байна” хэмээн Ерөнхий сайд Эрдоган сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Харин байлдааны зориулалттай ачааг иргэний онгоцоор тээвэрлэж яваа талаар мэдээлэл хаанаас авсан бэ гэсэн асуултад Туркийн Засгийн газрын тэргүүн хариулахаас цааргалав. Оросын тал асуудлын мөн чанар болох “Москва Сирид зэвсэг нийлүүлсэн үү” гэсэн асуултад ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд Анкарад Сирийн онгоцыг албадан буулгах үед дотор нь сууж явсан иргэдийнх нь амь насанд аюул занал хийлсэн гэх сэдэвт гол анхаарлаа хандуулжээ. “Саатуулагдсан онгоцны зорчигчдын дунд Оросын иргэд байсан талаар Туркийн тал Оросын Элчин сайдын яаманд мэдэгдээгүй. Бид үүнийг цахим хэвлэлээс мэдсэн” гэж Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч А.Лукашевич тэмдэглэв.
Сирийн онгоцны хөөрсөн Москвагийн нисэх онгоцны “Внуково” буудал хууль бус ачаа тээвэрлэж явсан гэдгийг няцаасан байхад, Сирийн Гадаад хэргийн яам ч “Тээвэрлэж явсан ачааг бичиг баримтад нь дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Аэробус зэвсэг болон хориотой өөр бусад ямар нэг зүйл зөөгөөгүй” гээд хурааж авсан бүх зүйлийг эв зүйгээр буцаан олгохыг Туркийн Засгийн газарт шаарджээ. Тэгвэл “Syrian air” компанийн онгоцонд шалгалт хийсэн Анкарагийн шийдвэрийг дэмжиж буйгаа АНУ-ын Төрийн департмент илэрхийлсэн байх аж.