Италийн Засгийн газар Режо-ди Калабрия хотын захиргааг мягмар гаригт бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. Тус хотын эрх баригчдын мафийн бүлэгтэй тогтоосон харилцаа илчлэгдсэн нь уг шийдвэрийг гаргах үндэслэл болжээ. Италийн Дотоод хэргийн сайд Анна Мария Канчелльерийн мэдэгдсэнээр, Режоди- Калабрия хотын мээр Деметрио Арена болон зөвлөлийн бүх 30 гишүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх аж. Тус улсын өмнөдөд байрлах энэхүү хотод ажилласан комисс Италийн мафийн томоохон бүлэглэлийн нэг “Ндрангета”-тай хотын зөвлөлийн хэд хэдэн албан тушаалтан холбоотой болохыг өмнө нь илрүүлжээ.
Эл хэргээр 2011 онд нэгэн зөвлөх баривчлагдсаны дараа мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Режо-ди-Калабрия нь ижил нэртэй мужийн засаг захиргааны төв бөгөөд 180.000 орчим оршин суугчтай. Дээрхтэй ижил шалтгаанаар өмнө нь жижиг хотуудын засаг захиргааг огцруулсан тохиолдол гарч байжээ. Харин мужийн нийслэлийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь анхных боллоо. Шинжээчдийн өгүүлснээс үзвэл, “Ндрангета” нь Сицилийн мафийн “Коса Ност ра” бүлэглэлийг давж гарснаар дэлхийн гэмт хэргийн томоохон бүлгийн нэг болоод байгаа аж. Кокаины наймаа эдний орлогын гол эх сурвалж агаад хажуугаар нь мөнгө угаах, бусдын эзэмшил, эд зүйлийг сүрдүүлгээр далайлган өөрийн болгох аргаар амь зуудаг гэнэ.
Италийн Парламентын мафийн эсрэг комисс “Ндрангета”-г тус улсын хамгийн аюултай төдийгүй баян мафи гэж тодорхойлжээ. Мафийн эл сүлжээ Италийн хойд хэсэг хийгээд хилийн чанадад нөлөөгөө тэлэх зорилгодоо өмнөд хязгаарын Калабрия мужийн ядуу иргэдийн гадагшаа шилжин суурьших хэрэгцээг ашиглаж иржээ. Бүтэн жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа 2011 оны арваннэгдүгээр сард өндөрлөн “Ндрангета”-гийн гишүүдийн хэргийг шүүх хурал болсон. Шүүхээс 110 хүнд 16 хүртэлх жил шоронд хорих ял оногдуулсан байна.
Х.ЭНХ