Юун түрүүнд энэ бол онцгой кино гэдгийг дурдах нь зүйтэй. Урьд нь барууны ямар ч кино бүтээгчид хойд солонгосчуудтай хамтарч кино бүтээж байгаагүй юм. Бельгийн найруулагч Аня Даелеман, Их Британийн баримтат кино бүтээгч Николас Боннер нар Хойд Солонгосын удирдагчид болон уран бүтээлчидтэй удаан хугацаанд ярилцаж, тохирсны эцэст “Comrade Kim goes flying” киног бүтээжээ.
Уг киноны зураг авалтыг Хойд Солонгост авсан нь ч урьд хожид байгаагүй онцгой явдал юм. Кино бүтээх явцад Хойд Солонгосын хоёр продюсер хамтарч байгаа бөгөөд тэдний нэг нь болох Ким Ван Хун цэрэг, дайны сэдэвтэй кино бүтээж гаршсан нэгэн аж. Энэ кино Пхеньян дахь нүүрсний уурхайд ажилладаг охин мөрөөдлөө биелүүлж, циркийн акробатчин болж буй тухай өгүүлэх гэнэ.
“Comrade Kim goes flying” киног өнгөрсөн сард Торонтогийн кино наадмын үеэр олны хүртээл болгосон бөгөөд удахгүй БНАСАУ-д болох Пхеньяны кино наадмын үеэр хойд солонгосчуудад үзүүлэхээр зэхжээ.