Нобелийн 2012 оны шагналыг физиолог, анагаах ухааны салбарт Их Британи, Японы эрдэмтэн Жон Гердон, Шинья Яманака нарт эс болон организм хэрхэн хөгждөг талаарх ойлголтыг хөгжүүлснийх нь төлөө олголоо гэж CNN мэдээлэв. Шведийн Стокгольм дахь Каролинскийн хүрээлэнд Нобелийн шагналын салхийг хагалж, энэ тухай даваа гаригт зарлажээ.
79 настай Гердон Кэмбриж, Оксфордын их сургууль, Калифорнийн технологийн их сургуулийн профессор юм. Энэх үү биологч 2009 онд хоёр дахь Нобель гэгддэг Америкийн Ласкер шагналыг эсийн дахин программчлалын салбарт үзүүлсэн амжилтаараа авсан байна. Эсийн цөмийн шилжүүлэн суулгах, эсийн хувилан олшруулах аргатай холбогдох судалгааны ажлаараа нэртэй нэгэн. Тэргүүлэх анагаах ухааны хүрээлэнгийн профессор, Киотогийн их сургуулийн дэргэдэх iPS эсийн судалгаа, хэрэглээний төвийн захирал, 50 настай Шинья Яманака 2010 онд Бальцаны шагнал гардсан. Хүний үндсэн эсийг үр хөврөлийн бус замаар гарган авсан дэлхийн анхны судлаач юм байна.
Каролинскийн хүрээлэн дэх Нобелийн ассамблей 50 профессороос бүрддэг. Тус ассамблейн тодорхойлолтод дурдсанаар, Англи, Японы дээрх эрдэмтдэд “төрөлхийн эсийг дахин программчилснаар биеийн бүх эдэд хөгжих чадвартай төрөлхийн бус эс гаргах” нээлтийнх нь төлөө шагналыг хуваан олгох болжээ.