Венесуэльд ням гаригт болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Уго Чавес яллаа гэж Үндэсний сонгуулийн зөвлөл зарлав. Социалист намаас нэр дэвшигч, 58 настай У.Чавесыг сонгогчдын 54.44 хувь буюу 7.4 сая иргэн дэмжсэнээр 1999 оноос хойш завсаргүй Төр барьж буй энэ эрхэм ирэх оны нэгдүгээр сараас дахин зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллах нь тодорхой боллоо.
Латин Америкийн орчин цагийн түүхэн дэх нөлөөтэй улстөрчдийн нэгэн хэмээн нэр нүүрээ дархлахыг оролдож ирсэн Чавесын гол өрсөлдөгч нь сөрөг хүчний 22 намыг нэгтгэсэн Ардчилсан нэгдлийн эвслийн Энрике Каприлес байлаа. Залуу нэр дэвшигчид 6.1 сая сонгогч саналаа өгсөн нь нийт саналын 44.97 хувийг бүрдүүлэв.
Харин Төрийн тэргүүний суудалд өрсөлдсөн үлдсэн дөрвөн нэр дэвшигч нийлээд нэг хүрэхгүй хувийн дэмжлэг хүлээжээ. Үндэсний сонгуулийн зөвлөлийн мэдэгдсэнээр, саналын хуудасны тооллогын дүнд ялимгүй өөрчлөлт орж мэдэх ч ялагч эцэслэн тодорчээ. Энэ удаа Венесуэлийн 19 сая сонгогч бүртгэгдсэнээс 80 хувь нь иргэний үүргээ биелүүлсэн нь сонгуулийн идэвхээр рекорд тогтоосон гэсэн үг юм. Төрийн дээд эрхийг барих болсон цагаасаа л "империализмын" эсрэг тэмцэгчийн дүрд хувиран, АНУ-ын Засгийн газартай шөргөөцөлдөх болсон Чавес Өрнөдийн сэжигтэй нүдээр ширтдэг орнууд буюу Иранаас Беларусь хүртэлх улсын лидерүүдтэй зузаан харилцаа тогтоож амжсан.
Эх орондоо болохоор тусгаар тогтнолын баатар Симон Боливарын залгамжлагч мэтээр өөрийгөө харуулахыг мэрийдэг тэрбээр газрын тосны олборлолтоос олсон мөнгийг хэдэн тэрбумаар нь ядуурлын эсрэг хөтөлбөрт цацаж, эгэл гарал болон уран илтгэх чадвараа олон нийттэй ойр холбоо цогцлооход онцгой чадмаг ашигладаг нэгэн. Хэдий Чавес дахин сонгогдсон ч сөрөг хүчний нэр дэвшигчид сонгогчдын чамгүй хувь саналаа өгсөн нь хүчирхийллийн гэмт хэрэг, эвдэрхий зам, цахилгааны хязгаарлалт болон бүх түвшинд суурьшсан авлига зэрэг тулгуур асуудлаа цэгцэлж дөнгөөгүй Чавесын толгой дээр аянга буух аюул бодитой оршсон хэвээрийг харуулна.
Сонгуульд ялахын тулд өнгөрсөн хугацаанд Чавес эрс өөрчлөлтийн бодлого барьсан. Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийг үндэснийх болгох түүний дуршил өдгөө тус улсын банк, хүнс, эрүүл мэндийн салбар зэрэг хараахан хөндөгдөөг үй буй булан тохой руу чиглэж мэдэх аж.
Х.ЭНХ