Их Британийн “Times Higher Education” сэтгүүл “Thomson Reuters” мэдээллийн агентлагтай хамтран дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргалаа. 400 гаруй их сургуулиас шилдэг 200-г шалгаруулахад АНУ-ын Калифорнийн техникийн их сургууль тэргүүлжээ. Жагсаалтын хоёрдугаарт Оксфорд болон Стэнфордын их сургууль хамтдаа бичигдсэн бол, олон жилийн турш чансаагаараа тэргүүлсэн Харвардын их сургууль дөрөвдүгээр байрт орсон байна.
Дээд боловсролынхоо чанараар АНУ дэлхийд тэргүүлж байгааг уг жагсаалтын эхний 10-т тус улсын долоон их сургууль багтсан нь харуулж байна. Түүнээс гадна Хятадын Засгийн газар дээд боловсролынхоо системд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа нь үр дүнгээ өгч, Бээжингийн их сургууль, Цинхуа их сургуулийн рейтинг өссөн бөгөөд жагсаалтын 46, 52 дугаарт орсон аж. Азийн орнуудаас уг жагсаалтад Токиогийн их сургууль 27-т бичигдсэн бол, Ойрхи Дорнодын орнуудаас Израилийн гурван их сургууль “шилдэг -200”-д багтав.
“Times Higher Education” жагсаалтыг гаргахдаа их сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улстай хамтран ажилладаг эсэх зэрэг 13 үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд дэлхийн 16.5 мянган эрдэмтэн, мэргэжилтний дунд санал асуулга явуулж, эрдэм шинжилгээний зургаан сая орчим нийтлэл, өгүүлэл, төслийг судалдаг.