Ирэх сард болох сонгуулиар Цагаан ордны тэргүүнээр сонгогдохоор хүчээ үзэж буй Барак Обама, Митт Ромни нарын анхны халз мэтгэлцээн Колорадо муж улс дахь Денверийн их сургуульд орон нутгийн цагаар лхагва гаригийн үдэш болов. 21.00 цагаас эхлэн цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг 90 минут уясан мэтгэлцээн АНУын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Ерөнхийлөгчид горилогч улстөрчид тус бүрдээ 15 минут үргэлжилсэн зургаан багц сэдвээр байр сууриа илэрхийлж, сонгогчдын өмнө өөрсдийн мөрийн хөтөлбөрийг сурталчиллаа. Сэдэв болгоны өмнө хөтлөгч, PBS телевизийн сэтгүүлч Жим Лерер асуултаа тавьж, нэр дэвшигч тус бүр хоёр минутад багтаж хариулан, үлдсэн цагт нь хэлэлцэх, мэтгэлцэх зарчмаар явуулав. Эдийн засаг, эрүүл мэнд Засгийн газрын үүрэг, Холбооны засаг захиргааны ирээдүй зэргийн талаар хэлэлцсэний дотор эдийн засаг, албан татварын асуудал жин даржээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч М.Ромни чинээлэг америкчуудаас хураах татварыг бууруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа агаад Ерөнхийлөгч Обама 2008 онд сонгогдохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн татварын талаарх амлалтаа биелүүлээгүйг шүүмжилсэн байна. “Төсвийн алдагдлыг тал хувиар багасгах Б.Обамагийн төлөвлөгөө хэрэгжсэнгүй. АНУ өөрийгөө Грек, Испанийн араас явуулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй” хэмээн тэрбээр тэмдэглэлээ. М.Ромнийн бодлоор, америкчууд төсвийн алдагдлаа багасгая гэвэл олон нийтийн телевиз болон бусад хөтөлбөрт олгодог татаасыг танах ёстой аж. Мөн 2010 онд Ерөнхийлөгч Б.Обамагийн баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болгох нь үүнд томоохон түлхэц үзүүлнэ гэж М.Ромни тайлбарлав. Харин Цагаан Ордны одоогийн эзэн алдагдлыг хумих М.Ромнийн төлөвлөгөөг “тэнцвэргүй” гэж тодорхойлжээ. Ноён Ромнийн кампанийн гол мессеж нь “Б.Обамагийн засаг захиргааны эдийн засгийн талаарх бодлого амжилт олоогүй. Ажилгүйдэл 8.1 хувьд хүрч, эдийн засагт өсөлт тааруу буй нь үүний нотолгоо. Харин миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчилнө” гэсэн. Тэгвэл Б.Обама “Чинээлэг иргэдэд ногдуулах татварыг өсгөх нь Холбооны төсвийн алдагдлыг бууруулахад нэмэртэй. М.Ромнийн төлөвлөгөө АНУын дундаж давхаргынханд хортой” гэж мэдэгджээ. Гэвч шүүмжлэгчид нэр дэвшигчдийн хэн нь ч эдийн засгийн хүндрэлийг давах сайн гарц дэвшүүлээгүй гэж дүгнэв. Тиймээс 15 их наяд долларт хүрээд буй АНУын өрийг АН болон БННаас сонгогдох Ерөнхийлөгч хэрхэн шийдэх нь сонгогчдод бүрхэг хэвээр үлдлээ.
ҮЗЭГЧИД ЯЛАЛТЫГ РОМНИД ӨГЛӨӨ
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээнд БНН-аас нэр дэвшигч Митт Ромни ялсан хэмээн CNN телекомпанийн санал асуулгад оролцогсдын 67 хувь үзсэн байна. Тус телевиз “ORC international” байгууллагатай хамтран бүртгэлтэй сонгогчдын дунд телефон утсаар шуурхай тандалт хийсэн агаад 430 хүн оролцож, санал бодлоо хуваалцсан ажээ. М.Ромнийн өрсөлдөгч, Цагаан ордны тэргүүн Б. Обамаг оролцогс дын дөнгөж 25 хувь нь “дуэльд” ялагч болсон хэмээн үзсэнийг телесувгийн редакцын блогт мэдээлэв. Судалгаанд оролцсон иргэдийн 61 хувь нь Ерөнхийлөгчийг санас наас тааруухан оролцлоо гэсэн бол, М.Ромнийг урьдчилан төсөөлж байс наас илүү мэтгэлцсэн гэж 82 хувь нь үнэлжээ. Өөрийгөө илүү хүчтэй лидер болохыг БНН-ын нэр дэвшигч харуулсан гэдэгт санал асуулгад оролцогс дын 58 хувь эргэлзсэнгүй. АН-аас айсуй сунгаанд тоосоо өргөх нэр дэвшигчийн тухайд яг ийм бодолтой хүн 37 хувийг бүрдүүлэв. Экс амбан захирагч өрсөлдөгчөө довтлох тал дээр илүү байсан гэдэгтэй үзэгчид санал нийлжээ. Шинжээчдийн дүгнэлтээр бол, хоёр нэр дэвшигчээс М.Ромни илүүтэй шийдэмгий бөгөөд бэлтгэлээ сайтар базаасан харагдаж байжээ. Хэдийгээр ноён Ромни эхний мэтгэлцээний түрүүг ийнхүү авсан байх хандлагатай буй ч одоохондоо ялалтаа тэмдэглэхэд эртдэнэ. Үндэсний хэмжээний санал асуулга болон сонгогчдын санал савладаг мужуудад хийсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээр өрсөлдөгч нь рейтингээрээ түүнээс илүү яваа. Чухам тэрхүү савладаг муж улсуудад л сонгуулийн хувь заяа шийдэгдэх юм. Тиймээс ч сонгуулийн кампанийн хатуухан долоо хоногуудын ард дөнгөж гарч буй М.Ромнийн хувьд эхний мэтгэлцээн илүү хариуцлага нэхсэн, түүнээсээ улбаатай унах сэхэхийг дэнсэлсэн чангахан сорилго байсан гэдэгт шинжээчид санал нэг буй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг одоо гурван мэтгэлцээн хүлээж байна. Аравдугаар сарын 11-нд Кентакки муж улсын Дэнвиллд болох “дэдүүдийн” тулаанд хоёр намаас Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Жо Байден (АН), Пол Райан(БНН) оролцоно. Харин “Дээд ерөнхий командлагчдын” удаах учраа аравдугаар сарын 16-нд Нью-Йорк муж улсын Хемпстедэд, шийдвэрлэх “тулаан” аравдугаар сарын 22- нд Флорида муж улсын БокаРэтонд болох хуваарьтай.