Киргизийн алтны томоохон ордыг төрийн мэдэлд шилжүүлэхийг дэмжсэн тайван жагсаал үймээн болон даамжирчээ. Тус улсын нийслэл Бишкект болсон жагсаалд оролцсон хүмүүс Засгийн газар, Ерөнхийлөгчийн байр руу дайран орохыг завджээ. 50 гаруй хүн Төрийн ордны хашааг давж, дотогш орохоор дайрсан бөгөөд хууль сахиулагчид нулимс асгаруулагч ашиглан тэднийг саатуулсан аж.
Кумтор ордыг Төрийн мэдэлд шилжүүлэхийг дэмжсэн жагсаал тайван эхэлсэн бөгөөд 150 гаруй хүн оролцсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа хүмүүс нэмж ирснээр үймээн дэгдсэн гэнэ. “Азаттык” радиогийн мэдээлж буйгаар, тэнд 600-700 орчим хүн байжээ. Улс төрийн зарим намынхан олныг өдөөн хатгаж, үймээнд турхирсан бололтой хэмээн ажиглагчид үзэж байна. “Асаба” Үндэсний сэргэн мандлын намын дарга Салмоорбек Дыйканов тэргүүтэй хүмүүс экс Ерөнхийлөгч Курманбек Бакиевийн ойр дотныхон, төрөл төрөгсдийг барьцаалахыг уриалж байсан гэх мэдээлэл ч байна.
Жагсагчид Парламентын дарга Асилбек Жээнбеков, Ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев нарыг цуглаанд оролцохыг уриалж байсан ч эрх баригчид иргэдийн хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ. Төрийн ордон руу дайрсан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар гал нээхэд хүрсэн бөгөөд 10 гаруй хүн шархадсан хэмээн “Интерфакс” уламжлав.
Х.Од