Гүржийн Парламентын сонгуулийн дүн гарч эхэллээ. Санал хуудсын 25.17 хувийг тоолсон байдлаар, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” нам 53.19 хувийн санал авсан тухай “Интерфакс” уламжлав. Эрх баригч Үндэсний нэгдсэн хөдөлгөөн нам 41.51, Христийн ардчилсан нам 2.07 хувийн санал тус тус авсныг Сонгуулийн төв хороо мэдээлжээ.
Сонгуулийн үеэр Гүржид 3719, хилийн чанадад санал хураах 47 хэсэг ажилласан аж. Гүржийн ард түмэн Парламентын 150 гишүүний 77-г намын жагсаалтаар, 73-г нь мажоритар системээр сонгож буй. Энэ удаагийн сонгуульд 16 нам, эвсэл оролцсон билээ.
Төрийн тэргүүн Михаил Саакашвили “Намын нэрсийн жагсаалтаар “Гүржийн мөрөөдөл” ялалт байгуулах боломжтой. Харин мажоритар системээр эрх баригч намын нэр дэвшигчид тэргүүлэх нь гарцаагүй” хэмээн мэдэгдсэн юм. Сонгуулийн төв хорооны дарга Зураб Харатишвили өчигдөр мэдэгдэхдээ Хашури хотын хоёр тойргийн санал хураалтын дүнг хүчингүйд тооцож магадг үйг онцолжээ. Дээрх тойргуудын саналыг тоолох үеэр тусгай албаныхан дайран орсноос тэр гэнэ. Мөн Гүржийн залуу хуульчдын холбоо хэмээх төрийн бус байгууллагынхан Хашури мужийн зургаан тойргийн санал хураалтын дүнг хүчингүйд тооцох ёстой хэмээн мэдэгдэж байна. Дээрх явдлыг эс тооцвол сонгууль ерөнхийдөө ил тод, шударга явагдсан гэж гадаадын ажиглагчид мэдэгдэж байгаа юм.
Тухайлбал, Литвийн Сонгуулийн төв хорооны гишүүн Юлиус Ясайтис “Сонгуулийн ирц 60 хувьтай байсан нь маш сайн үзүүлэлт. Манай улстай харьцуулахад гүржүүд улс төрийн идэвхтэй нь ажиглагдаж байна” гэж мэдэгджээ. Сонгуулийн дүн гарч эхэлсэн даруйд сөрөг хүчний намын тэргүүн, тэрбумтан Бизина Иванишвили Гүржид иргэний нийгмийг эргүүлэн авчирч, өөрөө Ерөнхий сайд болоход бэлэн буйгаа онцлов.