Окинава арлын оршин суугчид Футенма дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн бааз руу нэвтэрдэг гурван хаалгыг таглан зогсоосон байсан машинуудыг Японы цагдаагийн байгууллага есдүгээр сарын 30-нд зайлуулсан байна. Энэ баазад нисдэг төхөөрөмжүүд байрлуулах гэж буйг жолооч нар эсэргүүцэж есдүгээр сарын 27-нд машинуудаа баазын хашаанд тулган тавьсан юм. MV-22 Osprey нисдэг аппарат 12 ширхэгийг долдугаар сарын 23- нд Японд авчирсан байна. Тэднийг угсарч, техникийн үзлэг хийсний дараа энэ баазад авчрахаар төлөвлөж байжээ.
“Киодо” агентлагийн мэдээлснээр бол Osprey-г аравдугаар сарын 1-ний даваа гаригт Футенма бааз руу шилжүүлнэ гэж АНУ-ын эрх баригчид есдүгээр сарын 30-нд мэдэгдсэн байна. Энэ ажиллагааг есдүгээр сарын 28-нд хийх гэж байсан ч далайн хар салхинаас шалтгаалаад хойшлуулсан аж. Урьд нь энэ нисдэг аппаратын осол хэд хэдэн удаа гарч багийн гишүүд эндсэнээс Окинава арлын оршин суугчид болон мужийн захиргаа Япон улсад түүнийг байрлуулахыг эсэргүүцэх болжээ. Энэ нисдэг аппарат нисдэг тэргийг бодвол гурав дахин их ачааг хоёр дахин богино хугацаанд тээвэрлэх чадалтай гэнэ.
Osprey-н аюулгүй байдлыг батлан даасны улмаас тэдгээрийг улсынхаа нутаг дээгүүр нисэхийг зөвшөөрч буйгаа Японы тал Америк, Японы Батлан хамгаалахын сайд Леон Панетта, Сатоси Моримото нарыг уулзсаны дараа, есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Нийт тоо нь 50 мянгад хүрч буй Америкийн цэргийг Японд байлгаж буйд япончууд мөн дургүйлхэж байна. Эдгээр цэргийн албан хаагчдын тэн хагас нь Окинавад байрладаг аж. Энд байгаа Америкийн тэнгисийн явган цэргийн тоог 9000- аар бууруулахаар Вашингтон, Токио хоёр уг нь тохиролцсон юм. Тэр ч бүү хэл Футенма баазыг хаахаар болсноос хойш 10 гаруй жил өнгөрөөд байна.